Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн асуудал анхаарал татдаг. Өнгөрсөн жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ эрхлэх 500 зөвшөөрөл олгож байжээ.
Харин 2018 онд энэ тоог 400 болгож бууруулсан байна. Учир нь иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс авто машины зам гарц, зогсоол зэргийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарчээ. Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Г.Эрдэнэчулуун “Өнгөрсөн жилийн хувьд Төв цэнгэлдэх хүрээлэн орчмоор худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны 500 зөвшөөрөл олгож байсан бол энэ жил 400 болгож бууруулсан. Нийтийн хоолны зөвшөөрлийг олгохдоо тусгай зөвшөөрөл бүхий ААН, байгууллагуудаас сонгон шалгаруулалт хийнэ. Худалдааны хувьд чанарын шаардлага хангахуйц стандартын тоглоом, малгай, нарны шил гэсэн тодорхой шалгуур тавьж байгаа. Энэ сарын сүүлээр сонгон шалгаруулалтаа явуулж, долоодугаар сарын эхээр байршлуудыг нь тавина” гэлээ.