Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, яамны газар хэлтсийн дарга нар, харьяа байгууллагын удирдлагууд хамтран нийслэл, 21 аймгийн аймгийн Засаг дарга нартай цахимаар хуралдлаа.
“Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 277 дугаар тогтоол, “Өвөлжилт хаваржилтын болон ургац хураалтын бэлтгэл хангах тухай” Ерөнхий сайдын албан даалгавар гарсантай холбогдуулан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг орон нутгийн төр, захиргааны байгууллага, малчид, иргэд, аж ахуйн нэгжийн түвшинд сайтар зохион байгуулах талаар санал солилцох, үүрэг чиглэл өгөх зорилгоор энэхүү цахим уулзалтыг зохион байгуулав.
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээгээр бэлчээрийн ургамлын ургалт 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд буюу Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дорноговийн зарим, Завхан, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар сайн, 40-өөс илүү хувьд дунд, 10 гаруй хувьд буюу Баянхонгор, Говь-Алтай, Увс, Өвөрхангай, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Завхан, Ховд, Дундговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар муу байна.
Зуншлага тааруу байгаа баруун 5 аймгийн удирдлагууд хадлан бэлтгэх боломжтой аймгуудтай гэрээ байгуулж, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулах, тарга хүч муу авсан болон бэлчээрийн даацаас хэтэрсэн малыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай үүсэж байна. Хурлын үеэр сайд З.Мэндсайхан “БНХАУ өнгөрсөн баасан гаригаас эхлэн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг импортоор авч эхэлсэн” гэв. Түүнчлэн Засгийн газрын зүгээс экспортыг ямар нэгэн хориг саадгүй явуулах чиглэлд бүх талаар анхаарч ажиллаж байгаагаа хэлсэн юм.
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан дараах чиглэлийг өгчээ.
- Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжилтийг хангаж ажиллах.
- Өөрийн аймгийн нутагтаа ган, зудын эрсдэлийн үнэлгээг хийж, бодитой дүгнэлт гаргах.
- Хадлангийн талбайг оновчтой хуваарилах, зохистой ашиглах, хадлан авах боломжгүй аймаг, сумдад хадлангийн талбай ашиглуулах.
- Зуншлага тааруу болж байгаа аймгуудын малчид тухайн үеийн нөхцөл байдлыг үнэлж, бог малын хээлтүүлэгчийг бүх хээлтэгч малдаа тавих эсэхийг шийдэх.
- 2022 оны үр дүнгийн гэрээн дэх орон нутгийн тусгай хэрэгцээний сумын болон сум дундын отрын бүс нутаг байгуулах заалтын хэрэгжилт хангалтгүй байгааг эрчимжүүлэх.
- Малын гоц халдварт өвчний нөхцөл байдал, хор уршиг, тэмцэх болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх сурталчилгаа, мэдээллийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран малчид, иргэдэд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахимаар тогтмол хүргэх.
- Малын гоц халдварт өвчний эрсдэл бүхий аймаг, сумаас хийх малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдэлд хяналт тавих, мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгүй, хяналтын цэгүүдэд бүртгэгдээгүй мал амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн нэвтрэх, дамжин өнгөрүүлэхгүй байх.
- Архаг халдварт болон шимэгчтэх өвчнөөс сэргийлэх вакцинжуулалт, угаалга, туулгалт, боловсруулалтын ажлыг зохион байгуулах, хэрэгжилтийг хангах
- Малын гоц халдварт болон халдварт өвчин олон аймаг, суманд тархсантай холбогдуулан мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамрагдсан малыг отроор өвөлжүүлж, хаваржуулах ажлыг зохион байгуулах.
- Зуншлага тааруу болж байгаа аймгуудын малчид үржлийн бус малаа эдийн засгийн эргэлтэнд оруулах.
- Орон нутгийнхаа хүн амын өвөл, хаврын хүнсний хэрэгцээнд чанарын шаардлага хангасан махны нөөцийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах.
- Орон нутагтаа бэлтгэсэн малын арьс, ширэнд анхан шатны боловсруулалт хийж, Хөдөө аж ахуйн биржээр арилжаалах арга хэмжээг зохион байгуулах.
- Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хүрээнд төвлөрсөн хөрөнгийг төсвийн тухай хуулийн 60.2.8-д заасан арга хэмжээнүүдэд зориулалтын дагуу зарцуулах.