Засгийн газрын хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа
8 сарын 17, 2022

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг шийдвэрлэлээ.

Дараах шийдвэрүүдийг гаргалаа:

•    “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын төслийн ажлыг удаашруулсан Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

•    “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн эхний үе шатны хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тайланг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхланд баримт бичгийн 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнг эрчимжүүлэн сайжруулахад урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгүүдийн хоорондын уялдаа, нэгдсэн арга зүй, удирдамжаар ханган ажиллахад анхаарч, хэрэгжилтийг жил бүр Засгийн газарт танилцуулахыг даалгалаа.

Өргөдөл, гомдлыг цахимаар авдаг болно

Үндэсний цахим шуудангийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Тэрбээр “Монгол Улсын үндэсний цахим шуудангийн системийг өнөөдрөөс нэвтрүүлж эхэлж байна. Тодруулбал, 16 наснаас дээш иргэд “И-Mонголиа” системээр дамжуулан и-мэйл хаягтай болж байна. Ухаалаг гар утас хэрэглэж байгаа 3.8 сая хэрэглэгч Монгол Улсад байгаагаас 1.5 сая нь “И-Mонголиа” системийг ашиглаж байна. Үндэсний цахим шуудангийн гол давуу тал нь, иргэн шууд төртэй харьцана. Төр ч иргэнтэй шууд харьцана. Өнөөдрийн байдлаар гадаад паспортын хугацаа нь дууссан 61 мянган хүн байна. Энэ хүмүүст паспортын хугацаа дууссан гэх сануулгыг и-мэйлээр өгч байгаа. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх цахим шуудангийн тогтолцоонд Монгол Улс албан ёсоор шилжиж байна. Заавал яам, тамгын газрын үүд сахих шаардлагагүй боллоо” гэлээ.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 23.3-т “иргэн, хуулийн этгээдэд иргэний хуулийн этгээдийн бүртгэлийн дугаараар үндэсний цахим шуудангийн хаягийг үүсгэнэ” гэж заажээ. Өнөөдрийн байдлаар танилт, нэвтрэлтийн системд бүртгэлтэй 1.6 сая иргэнд тус системийг ашиглан төрөл бүрийн мэдээлэл, мэдэгдлийг төрийн үйлчилгээний нэгдсэн “И-Монголиа”  системээр дамжуулан хүргэх, иргэнийг таньж баталгаажуулсан үндэсний цахим шуудангийн хаягаас өргөдөл, гомдол хүлээн авах, хариу хүргүүлэх боломж бүрджээ.

Геодези зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо

Геодези зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болжээ.

Энэ хуулийг 1997 онд баталснаас хойш 11 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, 16 зүйл, 41 хэсэг, заалт өөрчлөгдөн, хоёр хэсэг шинээр нэмсэн байна. Бусад хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан энэ хуулийг өөрчлөх, шинэчлэн найруулах шаардлага үүссэн гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хэллээ. Тэрбээр Шинэ хуулийн өөрчлөлтөөр тогтолцоог нарийвчилж, мэдээллийн санг нэгтгэж байна. Хоёрдугаарт, мэдээллийг нийтийн болон тусгайлсан гэж ангилдаг болно. Ингэснээр зарим нууцлалтай газрын зураг, мэдээллийг ил болгож иргэн, аж ахуйн нэгж ашиглах боломж бүрдэнэ. Төрийн байгууллагуудын үүрэг, оролцоог нарийвчилж тусгаж өгсөн. Монгол Улс нутаг дэвсгэрийнхээ 45 орчим хувийг 25 мянгын нарийвчлалтай масштаб зургаар хийж гүйцэтгэсэн байдаг. Үлдсэн 55 орчим хувийг хийж гүйцэтгэх ёстой. Энэ зураг байснаар томоохон төслүүдийн нарийвчилсан зургууд гарч, хэрэгжих үндэс суурь болох юм” гэв.

Шинэчлэн найруулсан Геодези, зураг зүйн тухай хуулийн төслийг 6 бүлэг, 33 зүйл, 171 хэсэг, 244 заалттай байхаар боловсруулаад байгаа аж.