Хаврын улирал ирж, цаг агаар урин дулаан болж буй энэ үед барилга бүтээн байгуулалтын ажил ид өрнөж эхэлдэг билээ. Тиймээс энэ салбарт ажил олгож, мөн ажил эрхэлж буй хэн бүхэнд хэрэгтэй хууль эрх зүйн дараах мэдээллийг өмгөөллийн байгууллагатай хамтран бэлтгэлээ.
2017 оны гуравдугаар улирлын статистик мэдээллээр Монгол Улсад хөдөлмөр эрхэлдэг 15 ба түүнээс дээш насны иргэдийн тоо 1,190,863 байна. Үүний 81,489 хүн буюу долоон хувь нь барилгын салбарт ажиллаж байна. Энэ тоог хүйсийн байдлаар нь ангилж үзвэл 64,640 эрэгтэй, 16,849 нь эмэгтэй хүн байгаа юм.
2016 оны жилийн эцсийн статистик мэдээллээс үзэхэд 15-19 насны 16,071 хүн хөдөлмөр эрхлэдэг бөгөөд үүний 746 хүн буюу 4.6% /барилгын салбарт ажиллагсдийн 1%/ нь барилгын салбарт ажилладаг байна. Үүнээс үзэхэд насанд хүрээгүй хүмүүсийн тодорхой хувь нь барилгын салбарт хөдөлмөр эрхлэдэг байна.
Монгол Улсын Хөдөлмөр эрхлэгч иргэдийн нэлээд хэсэг нь Барилгын салбарт ажилладаг бөгөөд дээрх тоо баримт нь зөвхөн Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч иргэдийн тоо юм.
Тиймээс энэхүү мэдээллийн хүрээнд Барилгын салбарт Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний талаар авч үзье. Барилгын салбар дахь хөдөлмөрийн харилцаа нь өөрийн зарим онцлогтой байх боловч нийтлэг хууль, журмын дагуу зохицуулагддаг.
НИЙТЛЭГ ЗОХИЦУУЛАЛТ
Үндсэн ажилтан: Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15.“байнгын ажлын байр” гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг ойлгодог бөгөөд барилгын ажил нь тухайн аж ахуй нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиглэлд хамаардаг тул тухайн чиглэлийн ажилтан, мэргэжилтэнг хугацаагүй хөдөлмөрийн гэрээний дагуу үндсэн ажилтнаар ажиллуулна.
Түр ажилтан: Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасны дагуу хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, түр ажилтнаар ажиллуулж болдог. Тухайн барилгын компанийн үйл ажиллагааны зорилго, үйл ажиллагаа явуулах хугацаа, төслийн үргэлжлэх хугацаа, барилгын ажил гүйцэтгэх хугацаа зэргээс хамааруулан талууд тохиролцож, хөдөлмөрийн гэрээндээ тусгайлан заасан тохиолдолд хуульд нийцнэ.
Цалин хөлс: Ажилтны цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ.
Ажилтны цалингийн хэмжээг ажил олгогч болон ажилтан харилцан тохиролцож тогтоох бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага байж болохгүй. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04 тоот тогтоолоор 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 1,428 төгрөг 60 мөнгө буюу сард 240,000 төгрөг байхаар тогтоосон байдаг.
“Барилгын салбарын 2013-2015 оны хамтын хэлэлцээр”-т зааснаар барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт ажиллагсдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 358,848 төгрөг байна.
Ажилтны цалин хөлсийг ажлын үр дүнд тохируулан хийснээр, цагаар, бусад хэлбэрээ тооцож, сард хоёр ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр мөнгөн хэлбэрээр олгоно.
Ажил олгогч нь ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0.3%-ийн алдангийг шүүх ажил олгогчоос гаргуулж, ажилтанд олгоно.
БАРИЛГЫН САЛБАР ДАХЬ ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААНЫ ОНЦЛОГ
Даатгал: Барилгын ажил гүйцэтгэх үйл явц нь эрсдэл өндөртэй үйл ажиллагаа юм. Иймээс Барилгын ажил гүйцэтгэх явцад бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирч болзошгүй тул уг эрсдэлийг багасгах, бууруулах зорилгоор барилгын ажил гүйцэтгэгч нь тухайн барилга байгууламж дээр ажиллах ажилтнуудыг гэнэтийн ослын даатгалд, амь насны даатгалд, мэргэшлийн зэрэгтэй мэргэжилтэн мэргэжлийн хариуцлагын даатгалд хамруулах үүрэгтэй байдаг. Даатгалын хураамжийг ажил олгогчоос хариуцна.
Хориглолт: Барилгын үйл ажиллагааны онцлог нөхцөлөөс хамааруулан зарим хориглолт байдаг.
Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.4-т “Насанд хүрээгүй хүнийг оюун ухааны хөгжил, эрүүл мэндэд нь харшлах хөдөлмөр эрхлүүлэхийг хориглоно” гэж хуульчилсан ба Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/36 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Насанд хүрээгүй хүнийг ажлуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тэтгэврийн хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д заасны Барилгын материал үйлдвэрлэл, барилгын угсралт, үйлдвэрлэлийн ажиллагаанд хүүхэд буюу насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглодог.
- Барилгачин, өрөгч, угсрагч, түүнтэй адилтгах бусад ажилтан,
- Бетончин, бетон гадаргуу өнгөлөгч, түүнтэй адилтгах бусад ажилтан,
- Барилгын засалчин, түүнтэй адилтгах бусад ажилтан,
- Будагчин, барилгын бүтээц цэвэрлэгч, түүнтэй адилтгах бусад ажилтан,
- Барилгын туслах, туслах ажилтан, барилгын талбайн цэвэрлэгч, буулгах/ нураах ба барилгын талбай бэлтгэх ажил,
- Барилга угсрах үйлдвэрт зуурмаг бэлтгэх, үйлдвэрлэлийн бус орчинд цемент задгайгаар савлах ажил
- Барилгын бетон үйлдвэрлэлийн бункерийн машинч, химийн хольц бэлтгэгч,
- Барилгын шаварчин, будагчин /засал чимэглэлч/
- Тоосгоны үйлдвэрлэлийн тоосго шатаах зуухны галч, зуухны суваг цэвэрлэгч, тоосго өрөгч, тоосго тэргэнцэрт өрөгч, тэргэнцэртэй тоосгыг хатаах камерт оруулагч, татагч, тоосго ялгагч,
- Эрдэс хөвөнгийн үйлдвэрлэлийн вагранк зуухны машинч, хөвөн үүсгэгч төхөөрөмжийн оператор,
- Барилгын болон бетон, төмөр хийцийн нийгэм ахуйн барилгын үйлдвэрлэл, бетон эдлэлийн өнгөлгөөчин,
- Төмөр бетон хийц хэвлэгч,
- Арматурчин, зуурмагийн туузан дамжуулгын оператор,
- Хэв тоологч, тунагч, зуурагч,
- Бетоны хольц бэлтгэгч, бетончин, мастер, цемент ачиж, буулгагч, краны машинч,
- Цахилгаан ба хийн гагнуурчин, арматурын цэгийн гагнуурчин, сунган таслагч, тулган гагнагч, арматур тайрагч,
- Сантехникийн бохирын слесарь, компрессорчин, сантехникийн засварчин, бетон угсрагч, хэв бэлтгэгч,
- Блок зүсэх дамжлагын оператор, оосорлогч, дулаалагч, тусгаарлагч, шаварчин, будагчин, газар ухагч, шилэн хөвөн авагч, тавигч,
- Чулуу үйлдвэрлэлийн чулуу хөрөөдөгч, хагалагч, өнгөлөгч, бутлагч, гараар засагч гэх мэт.
Барилгын материал үйлдвэрлэл, барилгын угсралт, үйлдвэрлэлийн ажиллагаанд Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 1999 оны 08 дүгээр сарын 13-ны өдрийн А/204 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Эмэгтэй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-д заасан дараах ажлын байранд эмэгтэй хүнийг ажиллуулахыг хориглодог.
- Яндан хоолой угсрах,
- Худаг малтах,
- Хавтан гараар цутгах, эвдэж буулгах,
- Чулуу бутлах,
- Автоклавчин,
- Мөнгөн устай будаг найруулах гэх мэт.
СУЛ ЗОГСОЛТЫН ҮЕД ЦАЛИН ХӨЛСИЙГ ТООЦОХ ТУХАЙД
Ажилтны сул зогсолтын асуудлыг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэх бөгөөд тус хуульд зааснаар сул зогсолтын үеийн олговор болон сул зогсолтын үед өөр ажилд түр шилжүүлэх тухай асуудлыг тодорхойлж өгсөн байна.
Ажилтны буруугаас биш, бусад шалтгаанаар гарсан сул зогсолтын хугацаанд ажилтныг өөр ажилд шилжүүлэх боломжгүй бол хамтын гэрээнд заасан хэмжээний олговор олгоно гэж заасан. Сул зогсолтын олговрын хэмжээ нь уг ажилтны үндсэн цалингийн 60 хувь, түүнээс дээш байх ба цалин хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй. Ажилтны буруугаас сул зогссон бол олговор олгохгүй байхаар хуулиар зохицуулсан байна.
Сул зогсолтын хугацаанд өөр ажил гүйцэтгэсэн тохиолдолд уг ажилд нь тохируулан цалин хөлс олгох бөгөөд энэ нь урьд авч байсан дундаж цалин хөлсний хэмжээнээс бага байж болохгүй. Сул зогсолтын хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөр ажил гүйцэтгэхээс татгалзсан ажилтанд олговор олгохгүй.
Мөн сул зогсолтын үед ажилтныг байгууллага дотроо хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажилд, эсхүл өөр байгууллагад түр хугацаагаар өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэн ажиллуулж болно гэж Хөдөлмөрийн тухай хуульд заасан бөгөөд ажилтны эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй байх болон ажил олгогчийн эрхэлж буй үйл ажиллагаанд саад болохооргүй байхаар хууль тогтоочид шийдвэрлэсэн байна.