Эмч, цагдаа биднийг аврагч гэж худлаа хөөргөж байгаад боолчилдог гэв
8 сарын 26, 2022

Улсын эмнэлэгт ажилладаг нэгэн эмч өөрийн цахим хуудсандаа ажлаас гарч шалтгаанаа ийн бичсэн нь олны анхаарлыг татаад байна. Тэрбээр “Цалингаараа амьдар гэж хараалгуулсан мэт амьдралыг өөрчлөхөөр шийдлээ. Сайн сайхан хамт олноосоо явж байгаадаа үнэхээр их харамсаж байна. Хүн ардынхаа төлөө зүтгэсэн 17 жилийн туршлага (сурсан 6 жилтэйгээ 23 жил) ингээд үгүй болж байна. Цалин угаасаа бага байсан. Машиндаа бензин хийгээд л дуусчихдаг цалинтай байсан ч аав ээж, эхнэр , ах дүүсийнхээ олж байгаа мөнгөөр болгоод байдаг байсан. Гэтэл олон эмч маань яллагдагчаар татагдаж шоронд орж байхыг хараад тэсэхгүй, ажлаасаа гарч байна. Хэзээ нэгэн цагт би тэдний нэг болох вий гэдгээс айж байна. Ах дүү хоёр хоорондоо зодолдоод нэгнийгээ хутгалж хороосны буруутан нь амь насыг нь аврах гэж хичээсэн эмч болж ялтан болж байгааг сонсох шантармаар байна. Хүний төлөө гэсээр явж байгаад хүний өмнөөс шийтгүүлнэ гэдэг байж болох уу. Бага цалинтай өр нь нэхэгдэнэ. Өвчтөнүүд нь миний татварын мөнгөөр цалинжиж байж аятайхан бай гэж загнуулаад өдрийг бардаг эмч эмнэлгийн ажилчдын царайнаас инээмсэглэл хүсээд байгаа хүмүүсээ та нар харин өөрсдийнхөө хэлдгээр сэтгэлийн алуурчид. Өвчин зовлон, шаналсан царайг өдөржин харж сонсож тэр шаналлыг бага ч гэсэн яаж нимгэлэх вэ гэсэн бодолд дарагдсан эмчийг их зантай гэж ойлгож байгаа хүмүүс ээ би та нараас айж гарч байна. СЭТГЭЛДЭЭ ҮЛДЭЖ БАЙГАА ЭМНЭЛГИЙН АЖИЛЧДЫНХАА  ӨМНӨӨС НУЛИМС ДУСЛУУЛАН ЯВЖ БАЙНА. Хүний эрүүл мэндээс өөр ажил хийхээр гарч байна. Баяртай баатрууд минь, та бүхэндээ эрүүл энхийг сахиулах үйлсэд нь амжилт хүсье (Эмч эмнэлгийн ажилчдадаа).

Би муу эмч байгаагүй гэж бодож байна. Олон арван газар мэргэжил дээшлүүлж ,монгол эмч нараасаа суралцаж хэдэн арван мянган хүн үзэж олон мянган хүнд хагалгаа хийсэн байна. Тасарсан эрхтэн залгах, (тайрах эсвэл зөөлөн эд нөхөх сонголтыг тайрахгүй үлдээх аргыг), мэдрэлийн гэмтлээс болж ажиллахгүй болсон гарыг ажиллагаанд оруулах ажлыг хятад, солонгос, энэтхэг багш нартай бага ч гэсэн нутагшуулсан гэж өөрийгөө боддог. Эхний тариагаа дуусгаад (хэтэрхий олон өвчтөн байдаг ) дараагийн цагийн тариа хийх болоод өдөржин завгүй ачаалал хэтэрсэн сувилагчийн өмнөөс шантарч байна. Байсхийгээд л MRSI өвчин гэртээ авч ирнэ.  (МӨНГӨ ӨГӨХ  АСУУДЛЫГ ХҮЛЭЭХ БИШ  ӨӨРӨӨ ХИЙЖ ЭХЛЭХЭЭР ШИЙДЛЭЭ. ТЭГЭЭД ИЛҮҮЧИЛЖ ЧАДАХААР МӨНГӨ ОЛВОЛ ТА БҮХНЭЭ ШАГНАНА, АМЛАЖ БАЙНА). Ер нь эмч, цагдаа биднийг аврагч гэж худлаа хөөргөж байгаад боолчилдог. Боол л өдөр шөнөгүй ажиллаад өл залгуулах жаахан юм авдаг биздээ. Дээрээс нь дуртай нэг нь загнана. Дарга нарын утас хоолонд мөнгө өгдөг мөртлөө өвчтөнүүдтэйгээ утсаар ярихад өөрөөсөө мөнгө гаргана. Бичиж байгаа бал, цаасаа бас цалингаасаа гаргана. Сайдууд нь гадаадад эмчлүүлэх зардал өгнө гээл шоу хийнэ. Тэр мэргэжилтнүүдийг нь энд авч ирж эмч нараа сургангаа олон хүн эмчлүүлж болмоор (улсын төсөв болоод ард түмэнд хэрэгтэй баймаар)....гэж бичжээ.