Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан сургууль, цэцэрлэгийн нээлтэд оролцлоо
9 сарын 1, 2022

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр Баянгол дүүргийн 77 дугаар сургууль, 141 дүгээр цэцэрлэг болон Сүхбаатар дүүргийн Орос Монголын хамтарсан III сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.

Нээлтийн үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан багш, сурагчдад хандан хэлсэн үгэндээ “...Эрдмийн их аяных нь эхний өдөр-Хичээлийн шинэ жилийн баярын мэндийг та нартаа хүргэе. Мөн шавь нараа эрдэм мэдлэгийн уурхай руу халуун сэтгэлээр хөтөлж,чиглүүлж байгаа эрдэмтэн багш нартаа чин сэтгэлийн хүндэтгэл илэрхийлж, талархал дэвшүүлье…” гэсэн юм. Нийслэл хотод өнөөдөр 113 мянган хүүхэд багачууд цэцэрлэгт хамрагдаж, 359,160 сурагч Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Тэр дундаа 38233 хүүхэд сургуулийн босгоор анхлан алхаж, сурагч болж байгаа бол, 15600 хүүхэд 12 дугаар ангиа төгсөх юм. Энэ жил хамрагдвал зохих хүүхэд бүр цэцэрлэгтээ явж, нийслэлийн бүх сургуульд 3 ээлжийг халах зорилтоо Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Нийслэл хот хамтран биелүүлж сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг сайжруулж ажиллалаа. Мөн хамран сургах тойргоор буюу гэртээ хамгийн ойр цэцэрлэг, сургуульд хүүхэд багачууд маань сурч, боловсрох зохион байгуулалтыг бас хийлээ гэдгийг тэрбээр тодотгосон юм.

2022-2023 оны хичээлийн жилд нийслэлд нийт 176 боловсролын байгууллагын хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлж байна

Нийслэлийн хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд 51 сургууль, 93 цэцэрлэг, 27 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, дөрвөн спорт заал, нэг дотуур байр буюу нийтдээ 176 боловсролын байгууллагын хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлж байна. Эдгээрээс 2022 онд хоёр сургууль, нэг бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, 13 цэцэрлэгийн барилга буюу нийтдээ 16 барилга, байгууламжийг ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын цэцэрлэгийн орны тоог 2810-аар, сургуулийн суудлын тоог 960-аар нэмэгдүүлсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч бүх шатны боловсролын байгууллагад Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залах, үйл хэргийг нь алдаршуулан мөнхжүүлэх зарлигийг гаргасан. Дээрх сургуулиудад Чингис хааны эш хөргийг залах үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “...Чингис хаан бол Хөх Монголын заяаг хэдэн зуунаар өргөж, хүннү дээдсээс улбаатай төр засахын ухааныг оюунаараа тамгалсан мянганы суут хүмүүн юм гэдгийг хүүхэд багачууд та бүхэн сурвалжлан судалж, танин мэдэж, эрхэмлэн дээдэлж байх учиртай юм шүү…” хэмээн тодотголоо.

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ