Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын Чунчин хотын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн гишүүн бөгөөд Чунчин хотын Худалдаа, аж үйлдвэрийн холбооны дэд ерөнхийлөгч Хун Жунжинь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Улаанбаатар, Чунчин хотуудын найрсаг харилцааг өргөжүүлж, хоёр хотын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар харилцан санал солилцсон юм.
Уулзалтын эхэнд Хотын дарга өнгөрсөн оны тавдугаар сард Чунчин хотын даргатай цахим уулзалт хийх үеэрээ хоёр хотын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай Санамж бичгийг үзэглэж, талуудын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасанд баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн Улаанбаатар хот нь БНХАУ-ын томоохон хотуудтай, тэр дундаа Чунчин хоттой найрсаг харилцаагаа өргөжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгааг хэллээ. Тэрбээр “Талуудын хооронд байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн үндсэн дээр Чунчин хоттой худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бодит үр дүнг эрэлхийлэн хамтран ажиллахыг зорьж байгаа” хэмээв.
Чунчин хотын Худалдаа, аж үйлдвэрийн холбооны дэд ерөнхийлөгч Хун Жуньжинь “Чунчин хот нь автомашины үйлдвэрлэл, дижитал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, их өгөгдөл зэрэг үйлдвэрлэлүүд өндөр түвшинд хөгжсөнөөрөө давуу талтай бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүн, төсвийн орлогын хэмжээгээрээ Хятадын төв, баруун бүсийг тэргүүлж байгаа” хэмээн өгүүллээ.
Түүнчлэн Чунчин хотын Худалдаа, аж үйлдвэрийн холбоо нь тус хотын Намын хорооны удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн нэгдэн байгуулсан бизнесийн холбоо бөгөөд нийт 30 мянга орчим гишүүн байгууллагатай болохыг танилцуулав. Тэрбээр Улаанбаатар, Чунчин хотуудын найрсаг хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Уулзалтын үеэр талууд хоёр хотын аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар тохиролцов.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР