Олон улсын зөвлөх инженерүүдийн холбооны жишиг гэрээг хэрэгжүүлэх талаар сургалт зохион байгуулж байна
5 сарын 18, 2022

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс “ФИДИК /Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо/-ийн жишиг гэрээ, түүний онцлог” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгуулж, нийслэлийн харьяа газар, алба, агентлагийн мэргэжилтнүүд хамрагдаж байна. Нийслэл хотод томоохон хэмжээний бүтээн байгуулалтууд хийж байгаатай холбоотойгоор ФИДИК-ээс гаргасан жишиг гэрээнүүдийн талаар танилцуулж, ялангуяа түлхүүр гардуулах нөхцөлтэй EFC гэрээний зохицуулалт, нутагшуулан хэрэглэхэд анхаарах асуудлын талаар туршлага хуваалцаж, мэдээлэл өгсөн сургалт боллоо.  Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо нь ФИДИК гэрээний цогц загвар нөхцөлүүдийг боловсруулан, тэдгээр нөхцөлүүдийг олон нийтэд ашиглах боломжоор хангадгаараа дэлхий дахинд танигдсан. ФИДИК гэрээний ерөнхий ойлголтоос гадна жишиг гэрээний улаан болон мөнгөлөг номын ялгамжтай байдал, зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ зэрэг  сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа.


Сургалтын талаар “Легал линк” хуулийн фирмийн партнер, олон улсын арбитрч Б.Батсэлэнгэ “Олон улсын зөвлөх инженерүүдийн холбооноос гаргасан жишиг гэрээнүүдийг төрөөс хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтад ашиглах, эрсдэлийг зөв хуваарилах талаарх мэдээллийг өнөөдрийн сургалтаар түгээж байна.  ФИДИК-ийн гэрээнүүд маш олон төрлийн загвартай. Ажлын захиалагч, гэрээт гүйцэтгэгч хоорондын харилцаанд тэдгээрийн эрх ашгийг тэнцвэртэй хангах, эрсдэлийг зөв зүйтэй хуваарилах зэрэг олон талт гэрээнээс зөвийг нь сонгож, зөв хэрэгжүүлснээр олон улсын гэрээ хэлэлцээр, бүтээн байгуулалтын ажлууд эрсдэлгүйгээр цаг хугацаандаа дуусаж, төсөв мөнгө нэмж шаардахгүйгээр амжилттай хэрэгжүүлэх боломж бүрдэн. Энэ бүхнийг таниулахын сацуу зөв хэрэглэх мэдлэгийг энэ удаагийн сургалтаар олгож байгаагаараа онцлог” гэлээ.


 Дэлхийн 100 гаруй орон ФИДИК-ийн гэрээг өргөн ашигладаг бөгөөд томоохон санхүүжүүлэгч байгууллагууд болох Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Африкийн хөгжлийн банк зэрэг байгууллагууд зөвхөн ФИДИК-ийн гэрээ бүхий төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлнэ хэмээн зарладаг байна. Манай улсын тухайд Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн төмөр зам, Дорноговийн нефть боловсруулах үйлдвэр зэрэг томоохон  бүтээн байгуулалтад уг гэрээг нутагшуулан хэрэгжүүлж буй юм.


НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР