Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээнүүд үргэлжилж байна
6 сарын 1, 2022

  Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээ баярын нэгдсэн жагсаалаар эхэллээ. Жагсаалд төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, хүүхдүүдийн төлөөлөл оролцож, мэргэжил бүрийн онцлогийг сурталчлан таниулсан юм. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг манай улс 1952 оноос тэмдэглэж эхэлсэн. Энэ жилийн хувьд “Монгол хүүхдүүд-2022” олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд хүүхэд багачуудад зориулан НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар тэргүүтэй нийслэлийн холбогдох байгууллагаас “Энх тунх-Мөнх тунх” нэртэй баярын арга хэмжээг зохион байгуулж байна.


Арга хэмжээг нээж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Манай орон хүүхдийн баярыг үндэсний хэмжээнд амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөн улсын нэг юм. Нийслэлийн хүн амын 38 хувийг хүүхэд эзэлж байна. Насанд хүрсэн хүн бүр хүүхдийн өмнө үүрэг хүлээгч болдог. Иймд ажиллаж, амьдарч байгаа орчноо эрсдэлгүй болгоход анхаарч, хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг тань хүүхдийн хүмүүжил төлөвшилд нөлөөлж байдаг гэдгийг бодолцон зөвөөр үлгэрлэж, зөөлнөөр хүмүүжүүлж, зөвлөн туслахыг эрхэмлэхийг та бүхэндээ уриалж байна” хэмээлээ.Мөн Монголын хүүхдийн ордноос эцэг эх, хүүхэд багачууддаа зориулан “Хүүхдийн ертөнц” фестивалийг санаачлан, НЗДТГ, MCP ХХК, Монголын хүүхдийн сантай хамтран зохион байгуулж байна. Фестивалийн хүрээнд Монголын хүүхдийн ордны сурагчдын тоглолтууд, хүүхэд, өсвөр үеийн сонирхолд нийцсэн өвөрмөц тохижилт бүхий гудамж, талбайн чимэглэлийг бэлдсэнээс гадна 2-3 тайз засаж цаг тутмын үзвэр, тоглолтууд тоглож, гудамжны явуулын хоолны үйлчилгээ, мөн асруудад төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ үзүүлж буй юм.