Эко аж үйлдвэр байгуулах замаар ажлын байр нэмэгдүүлэх хэлэлцүүлэг боллоо
6 сарын 23, 2022

  НЗДТГ, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ хамтран “Арьс ширний салбарт ажлын байр нэмэгдүүлэх түлхүүр бодлого” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус уулзалт, хэлэлцүүлэг нь Монгол Улсад эко аж үйлдвэрийн парк байгуулах замаар ажлын байрыг нэмэгдүүлэхэд талуудын хамтын ажиллагааг уялдуулах, цаашид арьс ширний салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.


Хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн банк, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ болон арьс ширний салбарын үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл оролцож, уг салбарт хийж, хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэх ажлыг танилцуулан, тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ. Тухайн салбарт хийж буй гол ажил нь иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, байгаль орчинд ээлтэй үйлдвэрүүдийн нэгдэл бий болгох зорилготой шинэ аж үйлдвэрийн парк байгуулах төсөл юм. “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийг байгуулснаар нийт 8700 гаруй тогтвортой ажлын байр бий болно гэсэн судалгаа бий.

Өнөөгийн байдлаар манай улсад арьс ширний 34 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас 90 хувь нь нийслэлд байгаа юм. Иймд аж үйлдвэрийг нүүлгэж, дэлхий жишигт нийцсэн хөдөө аж ахуйн эко парк байгуулснаар ажлын байр нэмэгдэх, эдийн засгийн өрсөлдөх чадвар сайжрах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах томоохон ач холбогдолтой. Түүнчлэн тухайн бүсэд хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан, ойн аж ахуй гэх мэт чиглэлээр үйл ажиллагаа өргөжин, хөгжих юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР