Д.Сумъяабазар: Улаанбаатарыг олон улсын зэрэглэлтэй хот болгох  зохицуулалтыг Үндсэн хуульд оруулах нь зүйтэй
6 сарын 28, 2022

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, D.Parliament.mn цахим системийг танилцуулах уулзалт боллоо. НИТХ-ын төлөөлөгч нар, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах ажилтнууд, албан хаагчид оролцсон уг уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар үг хэлж, албан хаагчдын сонирхсон асуултад хариулсан юм.

                                    ИРГЭН БҮР ТӨРИЙН ХЭРЭГТ ШУУД ОРОЛЦОЖ, САНАЛАА ӨГДӨГ БОЛНО

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон D.Parliament.mn цахим системийг танилцуулсан. Тэрбээр “D.Parliament.mn сайтыг нээснээр УИХ-ын үйл ажиллагааг нээлттэйгээр таны гар дээр тавьж байна гэсэн үг. Анх 1996 онд интернэт нэвтрүүлэхэд ердөө 500 хүн холбогдож байсан бол одоо нийт өрхийн 80 хувь нь интернэтэд холбогдсон. Нийт хүн амын 84.7 хувь нь ухаалаг гар утас хэрэглэж байна. Тэгэхээр ухаалаг утастай хүн бүр төрийн хэрэгт шууд оролцож, санал бодлоо илэрхийлж болно гэсэн үг. Энэ сайтыг ард иргэд та бүхэн хэрэглэж, бодит саналаа өгдөг байх хэрэгтэй. Ингэж байж төрийн үйл ажиллагаа нээлттэй болж, ардчиллын төгөлдөршил, парламентын ардчиллын төлөвшил явагдана” гэсэн юм.  Түүнчлэн тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол огт хийж болдоггүй зүйл биш гэдгийг дэлхий нийтийн жишгийг эш татан тайлбарласан.


Уулзалтад оролцогчдын зүгээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болоод D.Parliament.mn цахим системийн талаар асуулт асууж, санал хэлсэн. Нийслэлийн нутгийн удирдлагын байгууллагад ажиллаж буй хүмүүсийн хувьд албан тушаалаараа бус, нийслэлийн иргэн гэдэг утгаараа санал хэлэх боломж олгосон юм. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд иргэдийг ялгаатай байдлаар хуульчилсан гэдгийг жишээ татан тайлбарласан. Тухайлбал, ТЗ-7 ангилалд ажиллаж буй төрийн албан хаагчдын ангилал зэрэглэл адил боловч авч буй цалин, хөлс ялгаатай тогтоож байгаа, мөн сум, дүүрэгт ажиллаж буй иргэдээс гаргасан саналыг зөвхөн сум, дүүргийн ИТХ-аар хэлэлцэх, аймаг нийслэлд тухайн иргэний санал хүрэхгүйгээр хуульчилсан нь шударга бус байна гэсэн шүүмжлэлийг хэлж байлаа. Монгол Улсын нутаг дэвсгэрийн нэгжийг эргэн харж, оновчтой тогтоохгүй бол аймгийн төвөөсөө алсгүй оршдог зарим сум захиргааны ажилтнуудаас нь өөр хүнгүй шахам болсныг ч хэлэх хүн байлаа. Мөн нийслэл-аймаг, сум-дүүрэг, баг-хороо гэсэн статус оновчгүй байгааг олон хүн хэлж байлаа.

 “НИЙСЛЭЛИЙГ АЙМАГТАЙ, ДҮҮРГИЙГ СУМТАЙ, ХОРООГ БАГТАЙ ДҮЙЦҮҮЛСЭН ЗААЛТ ХОТЫН ХӨГЖЛИЙГ БАРИГДМАЛ БАЙДАЛД ОРУУЛЖ БАЙНА”


 Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор өөрийн байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр хэлэхдээ:

-Хүн амынх нь талаас илүү хувь нь аж төрдөг Улаанбаатар хот бол улсдаа нийгэм, эдийн засгийн томоохон цогцолбор юм. Тийм учраас НИТХ, НЗДТГ-аас Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтийн төлөө нийслэлчүүдийн тулгамдаж байгаа асуудлыг нэгдмэл бодлогоор шийдвэрлэхээр УИХ, Засгийн газартайгаа хамтдаа ажиллаж байна. Нийслэл хот бие даасан эдийн засагтай байх ёстой гэдэг байр суурийг бүгд дэмжин, хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. УИХ-ын дарга нийслэлчүүдийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд идэвх санаачилга гарган, УИХ-ын гишүүдийг манлайлан нийслэлд хоёр удаа ажилласан. УИХ-д Улаанбаатар хотыг дэмжих Түр хороог байгуулж, оновчтой шийдлүүд гарган ажиллаж байна. Бид эрх зүйн шинэтгэлийг, эдийн болон засаглалын шинэтгэлийг хийхийг зорьж байгаа.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт яригдаж буй нь нэг талын боломж. Эдийн засгийг дэмжих, засаглалын тогтвортой байдлыг бий болгох, засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуваарилалтыг оновчтой болгох, улсын нэгдмэл бодлогыг боловсруулахад анхаарлаа хандуулж буй нь сайшаалтай. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид их зүйл хийсэн. Сайн ч зүйл байна, саар ч зүйл байна. Хот тулгамдаж буй асуудлаа шийдэж чадахгүй УИХ, Засгийн газраасаа туслалцаа хүсээд, бэрхшээлийг туулах гэж ажиллаж байна. Тоочвол олон бэрхшээл бидний өмнө байна. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, авто замын түгжрэл, гэр хорооллын нүхэн жорлон, хөрс, орчны бохирдол гээд... Энэ бүхнийг шийдвэрлэхэд оновчтой бодлого хэрэгтэй. Тиймээс цөмөөрөө бодол ярихгүй, бодлого л ярина. Урт хугацааны бодлого хэрэгтэй, бодлого нь тууштай байх ёстой. Бодлогоо ярихын тулд нэгдмэл, нэг байр суурьтай байх ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлттэй зэрэгцэн УИХ-ын гишүүдийн тоог нэмэх гэлээ гэсэн шүүмжлэл дагадаг. Нэмэгджээ гэхэд Засгийн газар тогтвортой байх нь үнэн. Нөгөөтээгүүр Улаанбаатар хотын түвшинд санхүү, төсвийн эрх мэдлийг олгох боломж. Үүнийг алдаж болохгүй. Өнгөрч буй нэг жилийн хугацаанд бид судалгаа хийж байгаад Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиа өөрчилж чадсан. Нийслэл Улаанбаатар хот бие даасан эдийн засагтай болох нүүдлийг давхар хийж гэмээнэ нийслэлчүүдийн эрх ашгийг хамгаалах юм. Нийслэлийг аймагтай, дүүргийг сумтай, хороог багтай дүйцүүлсэн заалт хотын хөгжлийг баригдмал байдалд оруулж байгаа. Нийслэл Улаанбаатар хот нь үндэсний зэрэглэлтэй бус, олон улсын зэрэглэлтэй хот байна гэсэн зохицуулалт оруулах нь зүйтэй юм. Үндсэн хуулийн дөрөвдүгээр зүйлээс нийслэлтэй холбоотой зүйл заалтыг хасаж, 13 дугаар зүйл рүү шилжүүлэн оруулах санал бас байна. Нийслэл хот онцгой статустай бүс болох төдийгүй нийслэл хотын чиг үүрэг, төрийн төв байгууллагатай харилцах харилцааг онцлог байдлаар зохицуулна гэж оруулах нь зүйтэй болов уу. 21 аймагтай Улаанбаатар хотыг зүйрлэхгүй. Энэ хотод эдийн засгийн болоод хүн амын тал хувь, их, дээд сургуулийн 95 хувь оршиж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөд Улаанбаатар хотын эрх зүй, эдийн засгийн үндсийг тусгаж байж, урагшаа явах юм бол 30 жил хуримтлагдсан асуудлуудыг шийдэх юм. Бидний шийдэж чадахгүй байгаа түгжрэлийн асуудал, хот төлөвлөлт, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, газар доорх инженерийн байгууламжийн 60 хувь нь хуучирч муудсан байдал, ажилтан, албан хаагчдын цалин пүнлүүг нэмж чадахгүй байгаа асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ. Ингэж байж дараагийн 50 жил, 100 жилийн хөгжлийг ярих учиртай. Нийслэл хотын алсын хараа, том амбиц эндээс гарах ёстой. Олон улсын зэрэглэл бүхий хот болж, олимпыг Улаанбаатарт зохион байгуулах хэмжээнд зүтгэх амбицтай болно” хэмээн өгүүлсэн.

Түүнчлэн Хотын дарга төрийн албаны цахим шилжилт, авлигыг бууруулах асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР