Замын хөдөлгөөнд ухаалаг цахим систем нэвтрүүлэх санамж бичиг байгууллаа
7 сарын 8, 2022

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр тус улсын төрийн өмчит хөрөнгө оруулалтын “Тэмасек Холдинг” ХК-ийн харьяа “Эс Ти Инженеринг Электроникс” компанийн удирдлагуудтай уулзлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар авто замын сүлжээг сайжруулах, тогтвортой тээврийн менежмент болон нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах чиглэлд шийдэл нэвтрүүлэх боломж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын хүрээнд тус улсын сайн туршлагыг судлах, замын хөдөлгөөнд ухаалаг цахим систем нэвтрүүлэх зорилгоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Сингапурын “Эс Ти Инженеринг Электроникс” компани хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм. Санамж бичигт Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, Сингапур Улсын “Эс Ти Инженеринг Электроникс” компанийн Хөдөлгөөнт байдал хариуцсан захирал Кох Чан Тиа нар гарын үсэг зурав.