Зам засвар бүтээн байгуулалтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний түгжрэл ойрын өдрүүдэд илүү нэмэгджээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтын ажлыг Нарны гүүр, Гэсэр сүмийн уулзвар гээд нийт долоон байршилд эхлүүлээд байна. Энэхүү өнгөт хучилт нь халтиргаа гулгаатай нөхцөлд тээврийн хэрэгслийн дугуйн барьцалдах чадварыг нэмэгдүүлж үзэгдэх орчин хязгаарлагдмал үед аюулгүй байдлыг хангах зорилготой. Манай улсын хувьд жил бүр дулааны шугам сүлжээ шинээр солих засварлах, замын тэмдэг сэргээх, гэрэлтүүлэг нэмэх, засварлах гээд олон ажлыг урин дулааны цагт эхлүүлж нийслэл энд тэндгүй ухсан нүх сэндийлсэн замтай болдог.
Олон улсын хэмжээнд зам засвар тохижилтын ажлыг хөдөлгөөн сийрэг үед буюу шөнийн цагаар хийгээд тэр дор нь сэргээн засварлах ажлуудаа давхар хийдэг бол манайд нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч болж байна. Нэг ажил хийхдээ өөр нэг ажлыг устгаж үр ашиггүй зардал гаргасаар. Ядаж энгийн үедээ хөдөлгөөний ачааллаа дийлдэггүй нийслэл өдрийн цагаар засварын ажил нэртэй зам хэсэгчлэн хаасны улмаас бүр ч илүү түгжрэх болжээ.