Монгол Улсын гавьяат тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны Монгол хүн Бадамгаравын Гангаамаа нь дэлхийн хоёрдахь ноён оргил болох К2 /8611 м/ ууланд авиралт хийхээр эх орноосоо өнөөдөр хөдөллөө. Авиралт амжилттай болвоос дэлхийн үе үеийн уулчдын мөрөөдөл болсон, эр зоригийн шалгуур болсон дэлхийн хоёрдахь ноён оргилд гарсан Монгол Улсын анхны уулчин төдийгүй анхны эмэгтэй Монгол уулчин болох юм.
Тэрээр өнөөдөр "Дэлхийн уулчдын мөрөөдөл бас айдас,алдар нэрийн тавцан гэгдэх Дэлхийн хоёр дахь ноён оргил, Чогори / К2 / уулын олон улсын авиралтад эх орноосоо мордож байна. Энэ авиралтад 2013 оноос хойш 5 жил бэлдэж бас зүүдэлж ирлээ. Учир мэддэггүй ганц нэг хүмүүс үгний алдаа гаргаж Хоби хэмээн хэлж байсаныг би тод санаж байна. Тэгвэл ямар ч уулчин Хоби хөөж энэ ууланд авирдаггүй юм шүү гэдгийг тэр хүнд маш тод бас хатуу хэлье. Миний болон монгол уулчны Монголчуудын зүүд мөрөөдөл биелэх боломжоор хангаж өгсөн Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг БТС-ын Газрын хамт олон, эрхэм нутгийн ах УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож буй эх орны минь зулайгаар нэрлэгдсэн "Таван богд " групп, Хаан банк, Говь компани, Улаанбаатар гурил компаний удирдлага хамт олон болон бусад олон байгууллага хүмүүс,найз нөхөддөө чин сэтгэлийн талархалаа илэрхийлье. Мөн үргэлж дээлийн зах мушгиж сайн сайханаар зоригжуулан дэмжиж байдаг Монголын ард түмэндээ баярлалаа. Та бүхэнийхээ ачийг амжилтаараа,тамирчин хүний үлгэр жишээ ухамсарт хөдөлмөрөөрөө хариулах болно оо. Хоёр сарын дараа баяртай уулзацгаая" гэж байр сууриа илэрхийлжээ.