Баруун бүсийн тулгуур төв Ховд аймаг нь
13 ястантай олон ястны өлгий нутаг билээ. Тус
аймгийн нийт хүн амын 30 орчим хувийг захчин ястан эзэлдэг.
Тиймээс захчин ястны зан заншил, өв уламжлал, урлаг соёлыг түгээн дэлгэрүүлж,
онцлогийг нь хадгалан үлдээх үүднээс Улсын их хурлын гишүүн, Ховд аймгийн
нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт санаачлан “Захчин
дуу хуур”-ын наадмыг зохион байгуулсан
билээ.
Наадамд Ховд аймгийн Манхан,
Зэрэг, Мөст, Алтай, Үенч гэсэн захчин ястны 5 сумын 19-80 насны 70 орчим
авьяастнууд оролцлоо. Тус наадмыг Захчин ардын уртын дуу, захчин ардын
богино, шог хошин дуу, Ихлийн татлага,
эмэгтэй хувцас хэрэглэлтэй хос зэрэг 7 төрлөөр зохион
байгуулсан юм.
Наадмын нийт багийн дүнгээр тэргүүн байранд Манхан сум, хоёрдугаар байранд Мөст сум, гуравдугаар байранд Үенч сум шалгарч, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан байна.
Захчин дууны наадамд ардын авьяастан Д.Оюунбатын дуулсан захчин ардын уртын дуу “Хэнзэл гэдгээн бэд”, Х.Нансалмаагийн дуулсан захчин ардын богино дуу “Барагч аашаам хэвтээ”, Алтай сумын дуучин О.Энхсайхан, Л.Гансүх нарын харилцаа дуу “Намын улаан мод” зэрэг ховор дуулагддаг дууг сонирхуулсан нь олны сонирхол татсан байна.
Дууны наадамд оролцсон сумд захчин үндэсний хувцас, эд зүйл, хэрэглэлээр бас өрсөлдөж, Манхан сумын ардын авьяастнуудын хувцас хийц, хэлбэр, өнгө донж нь өвөрмөц давуу байв. Мөн дууны наадамд оролцсон бүх оролцогчид наадмын дараа “Захчин түмэн нүүж байна” нэртэй дууны дүрс, зураг авалтад оролцсон байна.