П.САЙНЗОРИГ: Би уучлалт гуйх шаардлагагүй
10 сарын 18, 2022

   Хууль зүй, дотоод хэргийн Төрийн нарийн бичгийн дарга П. Сайнзориг цахим хуудсандаа хошин урлагийнхан хүнийг доромжилж хүний эрхийг ноцтой зөрчдөг гэж бичсэн. Тэгвэл үүнээс үүдэн хошин урлагийн жүжигчин Н.Онон болон Н.Ариунболд нар ХЗДХЯ-ны үүдэнд П.Сайнзоригийг уучлалт гуйхыг шаардав. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн Төрийн нарийн бичгийн дарга П. Сайнзориг "Хошин шогт хүнийг харагдах байдал, хүйсийн чиг баримжаа, хэл яриагаар доромжлох үзэгдэл байсаар байна. Бид энийг хэвийн зүйл мэт хүлээж авсаар байна. Хошин урлаг өөрөө энэ үзэгдлийг олон нийтэд хэвийн зүйл мэтээр ойлголтыг өгч болохгүй ээ гэдэг зүйлийг би бичсэн. Урлаг гэдэг зүйл ёс зүйтэй байх ёстой. Тодорхой хүнд сэдвүүдийг хөндөж байгаа бол үзэгчдэдээ энийг хэлж, тодорхой үзэгчдэд, тодорхой тайзан дээр тавьдаг болно уу гэхээс биш олон нийтийн хэвлэл мэдээлэл, юүтүб суваг дээр тавьж байгаа бүх юмнууд нь архидалтыг ч байдаг юм уу бусад бүр зүйлүүдийг хэвийн юм шиг үзүүлээд байгаа. Энийг урлагынхан маань ойлгож хүлээж авч агуулгатаа анхаараачээ гэсэн санааг бичсэн. Түүнээс биш нэр зааж аливаа этгээдийг доромжилсон зүйл байхгүй" хэмээн тайлбар хийсэн юм.