Томуугийн вакцинжуулалт энэ сарыг дуустал үргэлжилнэ
10 сарын 24, 2022

   Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд идэвхжлийн түвшинд байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад Говьсүмбэр аймаг идэвхжлийн түвшнээс алаг цоог дэгдэлтийн түвшинд, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгууд улирал хоорондын түвшнээс идэвхжлийн түвшинд шилжжээ.

Томуу, SARS-CoV2 вирус тодорхойлогдоогүй бөгөөд таван сорьцод (8.3%) энтервирус, хоёрт нь (3.3%)-д бокавирус, нэг сорьцод (1.6%) риновирус, нэг сорьцод (1.6%) амьсгалын замын синцитиал вирус илэрсэн болох"-ыг ХӨСҮТ мэдээллээ.

Томуугийн өвчлөл 87.6%-ийг 15, үүнээс 60.3% нь 4 хүртэлх насны хүүхдүүдэд бүртгэгджээ. Өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөл 5-9 хүртэлх насанд 1.4%-аар нэмэгдэж, бусад насны бүлэгт 0.2-0.7%-аар буурсан байна.

Эмнэлэгт хэвтэгсдийн 91.4% нь 15 хүртэлх, үүнээс 78.9% нь 4 хүртэлх насныхан бол өмнөх долоо хоногтой харьцуулахад нэг хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл 2.7%-аар буурч, 1-9 хүртэлх насанд 4.3%-аар нэмэгджээ.

Засгийн газрын хөрөнгөөр худалдан авсан БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн улирлын томуугийн вакцинаар эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн 1-5 насны хүүхэд болон эрсдэлт бүлгийн хүн ам, эрүүл мэндийн ажилтныг вакцинжуулах ажлыг өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр зохион байгуулж байгааг нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Вакцинжуулалт аравдугаар сарын 30-ныг дуустал үргэлжлэх юм байна.