УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж төмөр замын царигын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өнгөрсөн баасан гарагт миний бие УИХ-ын дарга Занданшатарт Төмөр замын тогтоолын төслийг өргөн барьсан. Үүнд: Өргөн төмөр зам, түүнийг огтлолцсон болон түүнээс салаалсан тохиолдолд өргөн төмөр замыг заавал барина. Уул уурхайн ордоос хилийн боомт хүртэл ямар төмөр замын царигтай байхыг Засгийн газрын өргөн барьснаар УИХ шийднэ гэсэн ийм заалттай. Энэ хүрээнд тогтоолын төсөл бүрэн дүүрэн хэрэгжихгүй байгаа. Яагаад хэрэгжихгүй байна гэвэл УИХ-ын тогтоолгүй мөртлөө Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл өргөн төмөр зам тавьчихсан. Энэ өргөн төмөр зам нь өнөөдөр мухар зам болчихоод, асуудал үүсгээд байгаа юм. Уул уурхайн ордоос өргөн төмөр замаар бүтээгдэхүүн зөөлөө гэхэд тэр хил дээрээ очоод дахиад нарийн төмөр зам руу шилжүүлэх байгууламжийг 300-400 сая ам.доллароор барих нөхцөл байдал бий болж байна. Ийм их мөнгө эдийн засаг хүндрэлтэй байгаа үед Монгол Улсад байхгүй. Иймд уул уурхайн ордоос тухайн улс нь ямар царигтай байна тэр царигаар төмөр замыг барих тогтоолын төслийг өргөн барьж байна.
Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг бид УИХ-ын тогтоолгүйгээр барьчихсан. Гэтэл БНХАУ нарийн царигтай. Тэнд очоод өндрийг нь тогтоох, ачих, терминаль барих зэрэг маш их олон асуудал үүсэж байна. Энэ асуудлыг дараа барих Шивээхүрэнгийн боомт, Бичигтийн боомт, Хангимандалын боомт дээр УИХ-ын тогтоол гаргаж, энэ асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шийдвэр гарч байгаа. Ингэхдээ эдийн засгийн үр ашигтай, хоёр хөрш орны бодлогод нийцсэн төмөр зам барих нь монголын уул уурхайн экспорт болон түүхий эд, мал аж ахуйн бүтээгдэхүүн зэргийг гаргахад нэлээн эерэг үр дүн авч ирнэ гэж энэ тогтоолыг өргөн барихдаа үзсэн" гэв.