Европын парламент ирэх жил гэхэд хуванцар савны хэрэглээг зогсоох жишгийг тогтоох үүргийг хуульчид, мэргэжилтнүүдэд өгчээ.
Антонио Тажани ахлагчтай Европын парламентийн баг болон 14 дэд ерөнхийлөгч хуванцар савны хэрэглээнээс татгалзах арга хэмжээ авч эхэлсэн байна.
Европын парламентийн дэд ерөнхийлөгч Хэйди Хаутала тус баг 2019 оны долдугаар сар гэхэд нэг удаагийн хуванцар хэрэглээг багасгаж, хуванцар савнаас бүр мөсөн ангижрахаар шийдсэн гэдгээ баяртайгаар твиттер хуудаснаа зарласан юм.
Финляндийн экологич Хаутала “Бид аль хэдийн арга хэмжээ авч эхэлсэн. Европын холбооны улсууд бусад улс оронд үлгэр дуурайлал болно” гэжээ.
Европын холбооны 28 улсын гүйцэтгэх төлөөлөгчид өнгөрсөн сард соруул, гал тогооны нэг удаагийн хэрэгслүүдийг өргөн хэмжээнд хориглох саналыг дэвшүүлсэн.
Түүнчлэн тус комисс 2025 он гэхэд гишүүн улсууд нэг удаагийн хуванцар савны 90 хувийг барьцаа буцаан олгох зарчмаар цуглуулах саналыг тавьсан аж.