УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Сангийн сайд Б.Жавхланг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж, хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр Ц.Даваасүрэн “Таван үндэслэлээр сангийн сайд Б.Жавхланг албан тушаалаас нь огцруулж, Авлигатай тэмцэхийг газар шалгуулахыг шаардлагыг хүргүүлж байна.
Нэгдүгээрт, өчигдөр сангийн сайд чуулганы үеэр 105 сая еврогийн баталгааг Дарханы Арьс ширийн цогцолборт гаргаж өг гэсэн. Төслийн нийт өртгийг 160 сая евро болгож, өсгөсөн гэж огт үндэслэлгүй, худал гүтгэлгийг цацсан. Хөдөө аж ахуйн яамнаас тодруулахад төслийн нийт өртөг нь 90 сая ам.доллар байсан. Төслийн баталгаа гаргах нь засгийн газрын дотоод асуудал.
Хоёрдугаарт, Б.Жавхлан нь 2019 онд нэр бүхий 11 гишүүний хамт хөгжлийн банкны хуульд нэмэлт өөрчлөлт өөрөө санаачлан оруулж, банкны удирдлагууд таван тэрбум төгрөг авах эрхтэй болсон. Энэ нь Хөгжлийн банкийг дампууруулах гол хүчин зүйл болсон. Түүнчлэн, хамгийн гол нь Чингис хаан банканд Б.Жавхлангийн хамаарал бүхий хүмүүс 49 тэрбум төгрөгийн хадгаламжийг байршуулаад байхгүй болгосон.
Гуравдугаарт, Монгол банкны бичил санхүүгийн хөгжлийн зээлийн санд өөрийн дүү Б.Амгаланг ажилд оруулж, нийт 2.8 тэрбум төгрөгийн зээлийг банк бус санхүүгийн байгууллагадаа авсан.
Дөрөвдүгээрт, Б.Жавхлан 2014 онд Капитал банкнаас иргэн Чинзоригийн нэр дээр 1.2 тэрбум төгрөгийн зээлийг эхнэр Соёлмаагийн нэр дээр барьцааны гэрээг байгуулж, зээл авуулаад төлөөгүй. Улмаар нь энэ зээл Төрийн банканд шилжсэн. Төрийн банк нь сангийн сайдын харьяалалд байгаа.
Тавдугаарт, арилжааны банкнууд аж ахуй нэгжүүдэд зээл олговол хүүгийн зөрүү өгөхөд 60 тэрбум төгрөгийг суулгаж өгсөн. Банк, зээлийн сангуудын хямд хүүтэй зээлээр мэргэшсэн Сангийн сайд үүнийг шударгаар олгож байгаа гэдэгт эргэлзэж байна. Иймд энэхүү төсөвт суусан хөрөнгийг зарцуулж байгааг ажлын хэсэг гарган, жил жилээр нь шалгах шаардлагатай байна” гэв.