Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах төслийн нэг заалтад хуульчид, эдийн засагчид эмзэглэж байна. Захиргааны ерөнхий хуульд Засгийн газрын болон бусад захиргааны байгууллагын улс төрийн шинжтэй үйл ажиллагаанаас бусад захиргааны шинжтэй шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянах зохицуулалтыг тусгаж өгсөн байдаг. Гэтэл ХЗДХЯ-ны сайтдаа байрлуулсан шинэ хуулийн төсөлд энэ заалтыг бүхэлд нь өөрчлөн найруулсан нь хуульчдын дунд хэлэлцүүлэг өрнөхөд хүргэв. Салбарын яамнаас хуулийн төслийг өөрчлөн найруулахдаа Засгийн газрын бүх шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй байхаар тусгаж өгчээ.
Засгийн
газрын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй яамд, агентлаг, орон
нутгийн захиргааны байгууллагуудыг ч Захиргааны хэргийн шүүхээр хянахгүй гэчихэж. Тэгэхээр Засгийн газар ямар ч
шийдвэр гаргасан хэн ч шүүхгүй болж таарч байна. Компаниудын бизнесийг хаасан,
хувийн өмчид халдсан шийдвэр гаргасан ч Засгийн газрыг хэн ч шүүхгүй гээд төсөөл дөө. Ямар нэг компанийн өмчийг
хураах шийдвэр гаргавал яах вэ? Манайх шиг улстөрийн эрсдэл өндөр улсад тодорхой
нэг компанийн захирлыг тоочиглож зохиомол хэрэг үүсгэхийг үгүйсгэх аргагүй.
Хэрэг хийжээ гэсэн шийдвэр шүүхээр гаргуулж шоронд суулгаад хөрөнгийг нь хураах тийм хэцүү
ажил биш.
Хэнээр ч шүүлгэхгүй эрхийг хуулиараа дархалчихвал Засгийн газар иргэдийнхээ эрхэд ч халдаж болно. Наад зах нь төв талбай дээр жагсахыг хориглоно, жагсвал хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэчихэд л үгээ хэлэх эрх маань хумигдаад ирнэ.
МУИС-ийн
ХЗС-ийн багш, Т.Мөнх-Эрдэнэ “Энэ өөрчлөлт
бол иргэний эрхзүйн хамгаалалтыг үгүй хийх хэмжээний том заалт.
Засгийн газар иргэн, хуулийн этгээд рүү шууд чиглэсэн шийдвэрийг олноор нь
гаргадаг. Тухайлахад, тамхины үйлдвэрийн зөвшөөрөл дураараа олгох, газрыг
иргээнээс хураагаад авах утгатай шийдвэр гарч болно. Ийм төрлийн маргаан үүслээ
гэхэд иргэн гомдолтой тохиолдолд шүүхийн байгууллагад хандах эрхгүй
болчихож байгаа юм. Захиргааны хэргийн чиглэлд иргэн шүүхэд хандах эрхгүй
болчихно гэсэн үг” гэсэн
тайлбар хэлж байна. Эрх баригчид эрх чинь зөрчигдвөл Үндсэн хуулийн цэцэд ханд
гэх байх л даа. Үнэн хэрэгтээ Үндсэн хуулийн цэцийн явуулдаг үйл ажиллагааны
цар хүрээ хумигдмал гэсэн зовлон бий. МУИС-ийн ХЗС-ийн багш,
Т.Мөнх-Эрдэнэ
энэ талаар “Үндсэн хуулиас бусад
хууль зөрчсөн маргааныг цэц авч хэлэлцдэггүй” гэлээ.
Товчхондоо
Засгийн газрын шийдвэрийг хэн ч шүүхгүй болчихвол жирийн иргэд, баялаг бүтээж
байгаа компаниуд л илүү ихээр хохирох болно.