Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөл өчигдөр хуралдаж, 2022 оны тус зөвлөлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцлээ. Энэ онд тус зөвлөлөөс нийт 38 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах, үер усны аюул, гал түймэр, хүн, мал амьны гоц халдварт өвчин болон гаммшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, сургалт судалгаа…зэрэг долоон чиглэлээр хэрэгжүүлсэн дээрх 38 арга хэмжээний гүйцэтгэл 81.3 хувьтай биелсэн гэж дүгнэж байна. Тэгэхдээ 100 хувь биелсэн арга хэмжээ 19 байгаа бол, бусад нь 30-70 хувийн биелэлттэй гарсан юм.
Харин биелэгдээгүй ажлуудын ихэнх нь төсөв, хөрөнгөөс шалтгаалжээ. Тодруулбал, Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр зарим санхүүжилтийг танасан болохыг тодотголоо. Хуралдааны үеэр зөвлөлийн гишүүд цаг үеийн холбогдох мэдээллүүдийг танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баатархүү “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ 2030” баримт бичиг болон “Аюулгүй гамшигт тэсвэртэй хот-2030” төслийн талаарх мэдээллийг өглөө. 2015 онд Япон Улсын Сендай хотод болсон “Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн III бага хурал”-аас НҮБ-ын гишүүн 187 улс орон дээрх баримт бичгийг баталсан. Харин Монгол Улс энэхүү баримт бичгийн II үе шатыг хэрэгжүүлэн ажиллаж байгааг Ц.Баатархүү хэллээ. Мөн сайжруулсан шахмал түлшний нөөцлөлт, үйлдвэрлэлтийн талаар Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд өгсөн юм. Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний 2 үйлдвэрийн 11 шугамаар хоногт 2000 гаруй тонн түлш үйлдвэрлэж байна. Засгийн газраас 200 мянган тонн түлш нөөцлөх үүрэг өгснөөс одоогийн байдлаар 120 мянган тонныг нөөцлөөд байгаа аж. Дүүргүүдэд байгаа нийт 59 агуулахаас 650 борлуулалтын цэг рүү тээвэрлэлтийг өдөр тутам хийн ажиллаж байна.
Нийслэлийн онцгой байдлын газрын хувьд холбогдох мэдээллийг өгөхийн сацуу Туул, Тэрэлж голын дагуух хэд хэдэн байршил буюу иргэдийн хамгийн их очдог тодорхой хэсэгт хяналтын камер байршуулж, үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх асуудлыг хөндлөө. Улмаар энэхүү ажлын санхүүжилтийг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.
Хуралдааны үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан хэд хэдэн чиглэлээр зөвлөлийн гишүүдэд үүрэг өглөө. Тухайлбал, нийслэлийн өвөлжилтийн бэлэн байдалд онцгой анхаарч, УБ хотын инженерийн шугам сүлжээний найдвартай байдал, эрчим хүчний хангамжийг сайжруулахыг сануулсан юм. Мөн хүйтний эрч нэмэгдэж эхэлсэнтэй холбогдуулан гэр хорооллын иргэдиийн түлшний хангалт, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчид шат шатандаа бэлэн байдалд ажиллахыг үүрэг болгов. Эцэст нь коронавируст цар тахал болон улирлын ханиад томуу нэмэгдэж байгаа тул ковидын үеийн халдвар хамгааллын дэглэмийг мөн мөрдөж ажиллахыг чиглэл болголоо.