Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхайг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр дараах үүрэг, даалгавар өглөө. Тэдгээрээс дурдвал,
- Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх заавар зөвлөгөө, сэрэмжлүүлгийг тогтмол өгч, айл өрх бүрийн зуух яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлыг хангуулж, хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах.
- Түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, хэрэглүүлэхгүй байх чиглэлээр хяналтыг сайжруулах, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар стандартад тогтмол хяналт тавьж ажиллах.
- Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, албан бичгийн шийдвэрлэлт, төрийн албан хаагчдын ажлын хариуцлага, байгууллагын соёл, дэг журмыг сахиулах, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг дээшлүүлэх зэрэгт хяналт тавьж ажиллах.
- Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах ажлын хүрээнд зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгаж, орц, гарцыг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын үр дүнг, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.
- Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх чиглэлээр дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт хийх ногоон байгууламж, явган болон дугуйн зам барих төлөвлөлтөө эрчимжүүлж, Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвөөс гаргасан судалгаатай нэгтгэн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал танилцуулах.
- Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлж ажиллахыг үүрэг болгов.