Иргэдээс санал авсны үндсэн дээр үр дүнгийг нь нэгтгэсэн бөгөөд орон нутгийн хөгжлийн сан нь иргэдийн оролцоотой төсвийн төлөвлөлт, төслийн эрэмбэ, хэрэгжилт, худалдан авах ажиллагаа, хяналт шинжилгээ үнэлгээ, хөрөнгийн удирдлага гэсэн 5 үе шаттай хэрэгжих хуультай. Энэ жилийн хувьд Сангийн яамнаас орон нутгийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт иргэдийн саналыг улс даяар цахим хэлбэрээр авсан байна. Энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас хоёр сарын хугацаанд зохион байгуулсан санал асуулгын дүнгээр нийт 1,140,376 төсөл хөтөлбөрийг нэн тэргүүнд хэрэгжүүлэх саналыг иргэд ирүүлжээ.
Тухайлбал, Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн талбайд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх тохижилт, тоглоомын талбай байгуулах 216,157 санал ирсэн байна. Мөн гэрэлтүүлэг, явган хүний зам, камержуулалт, орон сууцны байрны гадна дулаалгын засвар, цахилгаан шугам хүчдэлийг сайжруулах, өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмж зэрэгт хамгийн олон санал иржээ. Мөн автозамын засвар шинэчлэл, орон сууцны байрны дээвэр засвар, үерийн ус зайлуулах суваг шуудуу, хоолой хийх, ногоон байгууламж нэмэгдүүлэх зэрэгт иргэд саналаа өгсөн бөгөөд эдгээрийг эрэмбэлж, хамгийн олон иргэний нийтлэг эрх ашгийг хангахуйц төслийг эхлээд санхүүжүүлэх юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Төлөөлөгч Л.Ариунтуяа “Иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрахтай холбоотой саналуудыг голчлон өгсөн байна. Тиймээс Нийслэлийн Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс гэр хорооллын дахин төлөвлөлт, инженерийн дэд бүтцийг татахад бодлогооо чиглүүлж, анхаарч ажиллах хэрэгтэй” хэмээх саналыг гаргалаа.
Мөн Төлөөлөгч Б.Нэргүй орон нутгийн хөгжлийн сан анх бий болж байсан үзэл санаанаасаа хазайсан буюу иргэдийн санал хүсэлтийг тусгах асуудал орхигдож байгааг хэлсэн юм. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө бол иргэдийн мэдлийн төсөв байх ёстойг тэрбээр онцлоод “Сангийн хөрөнгөөр санхүүжүүлж буй ажлын хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийх цаг болсон” хэмээв. Улмаар уг асуудлыг Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.