“Бидний бахархал” төслийн нээлтийн үйл ажиллагаа боллоо
11 сарын 22, 2022

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газраас баталсан “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”, Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэрэгжүүлж байгаа “Бидний бахархал” төслийн нээлтийн үйл ажиллагаа өчигдөр Баянгол дүүрэгт боллоо.

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад эх оронч үзлийг төлөвшүүлэх, тусгаар тогтнол, эх хэл, үндэсний түүх, соёлоороо болон Монгол хүн болж төрснөөрөө бахархах итгэл үнэмшлийг төрүүлэх, эрх чөлөөний үнэ цэнэ, ач холбогдлыг таниулахад зорилготой тус нэгдсэн арга хэмжээг Онцгой байдлын ерөнхий газар, НОБГ, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штаб, Онцгой байдлын хэлтэс хамтран зохион байгууллаа.

Уг арга хэмжээг нээж Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар хэлсэн үгэндээ “Улс даяараа бахархан тэмдэглэдэг “Монгол бахархлын өдөр”, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан баярын өдөр удахгүй болох гэж байна.

Энэхүү баярын өдрүүдийн өмнөхөн миний бие дээрх арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй “Бидний бахархал” төслийг нээж байгаадаа туйлын баяртай байна. Уг төсөл нь Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, оюутан залууст улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх, эх орноо хайрлах, эх орон, тусгаар тогтнол, эх хэл, үндэсний түүх, соёлоороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах итгэл, үнэмшлийг төрүүлэх, эрх чөлөөний үнэ цэн, учир холбогдлыг ухааруулан таниулах, эх оронч үзэл төлөвшүүлэх зорилготой юм.

Хүүхэд, залуучууд та бүхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулж, эх орноороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах бахархлыг тээгч байх, улс орныхоо тусгаар тогтнолын баталгааг нэмэгдүүлж, түүх, соёл, шинжлэх ухааны давтагдашгүй үнэт өвийг үе дамжуулан үлдээх, байгалийн унаган төрхийг хадгалж, экосистемийн тэнцвэрт байдал болон тогтвортой хөгжлийг хангахад энэ хөтөлбөрийн зорилго оршино.

Монгол эх орныхоо ирээдүй, их амьдралын гэрэл нь болсон хүүхэд залуучууд та бүхэн эх орон, эх хэл, түүх, ёс заншлаараа бахархахын зэрэгцээ сэтгэл зүй, бие бялдрын өв тэгш “Цэрэг эх оронч” үзэл хүмүүжилтэй иргэн болж, цаашид өөрийгөө улам хөгжүүлж, найз нөхөд, анги хамт олондоо сурталчлан таниулна гэдэгт итгэл төгс байна” гэлээ.