ЦХХХ-ны сайд Н.Учрал НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай уулзлаа.
Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал Цахим орчинд бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийг устгах, хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилготой “Бид Хамгаална” (WeProtect) загварыг хамтран хэрэгжүүлж дууссаныг дурдлаа. Мөн “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн харилцаа холбооны бэлэн байдал” сэдэвт сургалт, дадлага, “Технологийн салбар дахь охидын манлайлал” хэлэлцүүлэг, Монгол улсад Хүүхдийн эрхийн тухай конвенцоор баталгаажсан эрхүүдийг хүүхэд бүр эдлэх нөхцөлийг хангахад чиглэсэн бүх арга хэмжээ, үйл ажиллагаанд хамтарч ажилласанд талархал илэрхийллээ.
Мөн ЦХХХЯ “Цахим болон өргөн нэвтрүүлгийн орчин дахь хүүхэд хамгаалал” чиглэлээр хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах, эцэг эх, асран хамгаалагчид болон олон нийтэд мэдлэг олгох, хүүхэд цахим гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлэх ажлуудыг бодлогын түвшинд дэмжиж ажиллахад чиглэж байна. Энэ хүрээнд хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилтийг хангах талаар хамтран ажиллах, цахим орчин дахь оролцоо, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг эрчимжүүлэх, бүх нийтийн дижитал боловсролыг нэмэгдүүлэх үндэсний хөтөлбөрт хамтран ажиллах, өргөн нэвтрүүлгийн орчинд контент бүтээх зэрэг хэд хэдэн чиглэлүүдээр хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн юм.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан цаг зав гарган хүлээн авч уулзсан ЦХХХ-ны сайд Н.Учралд талархаж буйгаа илэрхийлээд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн дээд удирдлага 2023-2027 онд ажиллах үндсэн чиглэлийг баталсан гэлээ. Энэ хүрээнд Монгол Улсад эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалал, усны эрүүл ахуй, нийгмийн хамгаалал гэсэн таван салбарт түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөсөн. Тиймээс цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр нягт хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.