Монголын Үндэсний Олимпийн хорооноос өнгөрсөн сард амжилт арвин, эх орныхоо нэрийг дэлхийн давцанд гаргасан тамирчдыг сар бүр тодруулдаг уламжлал тогтоод нэлээдгүй хугацааг үджээ. Үүнийгээ тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн тамирчдын дунд спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулдаг.
Тэгвэл гуравдугаар сарын шилдэг тамирчинд Кыргызстаны нийслэл Бишкект болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн, гавьяат тамирчин П.Орхон, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээнд аваргалсан гавьяат тамирчин Э.Бэхбаяр, Японы Такасаки хотод болсон Дэлхийн цомын тэмцээнд хүрэл медаль хүртсэн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ баг энэ удаад нэр дэвшжээ. Монголын үндэсний олимпийн хорооноос тус шалгаруулалтад анх шилдэг тамирчнаар нэрлэгдэж байсан П.Орхон дөрөв дэх удаагаа нэр дэвшлээ. Мөн жүдогийн Екатеринбургийн “Их дуулга”-д алтан медаль хүртсэн олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар, мэргэжлийн сүмогийн Харү башёд түрүүлсэн их аварга Какүрюү М.Ананд нар нэр дэвшжээ.
Сарын шилдэг тамирчинг тодруулах санал хураалт дөрөвдүгээр сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ.