Хурлаар сайжруулсан шахмал түлшний нөөц, хангалт, борлуулалт, хэрэглээ, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, түүхий нүүрсний хяналтын талаар хэлэлцсэн. Мөн Агаарын чанарын бүсэд шинээр орсон Налайх дүүрэгт сайжруулсан түлштэй холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, “Таван толгой түлш” ХХК-ийн баруун, зүүн үйлдвэрийн хэвийн ажиллагаа, түлшний чанар стандартын талаар мэдээлэл сонсож, НОК-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох байгууллагуудад дараах үүргийг өглөө. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62, 2022 оны 223 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшний үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Баянзүрх, Баянгол, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийг Өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжүүлж, “Шуурхай штаб” байгуулан ажиллахаар болов.
Мөн сайжруулсан шахмал түлш, түүхий нүүрсний хяналт, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажлын нарийвчилсан төлөвлөгөө, хуваарь гаргаж хэрэгжилтийг хангуулна. Эрсдэл бүхий айл өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, нэн шаардлагатай айл өрхүүдийн пийшин, зуухны галлагааны аюулгүй байдлыг хангуулах юм. Түүнчлэн авто тээврийн шалган бүртгэх товчоо болон маршрутын бус замаар Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлш гаргахгүй байх, хяналт шалгалтыг тогтмол явуулна. “Таван толгой түлш” ХХК-д сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн тасралтгүй хэвийн ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, түлшний чанар стандарт, хадгалалтын горимыг баримтлан, нийлүүлэлтийг хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, тасралтгүй хангахад анхаарах зэрэг үүрэг өгсөн юм.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС