Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг /ОУБХН/-ийн мэргэжилтнүүд Сэлбэ голыг сайжруулах төсөлтэй танилцаж, цаашид АНУ-ын мэргэжлийн боловсон хүчнээр Сэлбэ голыг сайжруулах төсөлд дэмжлэг үзүүлж, үнэ төлбөргүй зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр боллоо. Энэ хүрээнд НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд өнөөдөр ОУБХН-ийн мэргэжилтнүүдийн программ хариуцсан захирал Койнингс Тодд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “Улаанбаатар хотод агаар, хөрс, усны бохирдол тулгамдсан асуудал болсон. Сэлбэ голыг сайжруулах төслийг хэрэгжүүлснээр голын эх үүсвэрийг хамгаалах, эргийг тохижуулах, усны чанарыг сайжруулах зэрэг чухал ач холбогдолтой. Энэ хүрээнд Сэлбэ голыг сайжруулах төсөлд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх болсонд баяртай байна. Нийслэлээс бүх талаар дэмжин ажиллахад бэлэн" гэлээ.
ОУБХН-ийн мэргэжилтнүүдийн программ хариуцсан захирал Койнингс Тодд Сэлбэ голыг сайжруулах төсөлд хамтран ажиллаж, тэргүүлэх мэргэжилтнүүд байгаль орчны чиглэлд дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслахад бэлэн гэдгийг онцолж байв.
Ташрамд, ОУБХН нь 23 оронд үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын томоохон төрийн бус байгууллага юм.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР