УИХ дахь МАН-ын бүлэг энэ сарын 6-ны өдөр ээлжит бус хуралдаанаар улс оронд үүсээд буй нөхцөл байдал, жагсаал , цуглаантай холбоотой иргэдийн тавьсан шаардлагуудын талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээлллийг сонслоо.
Хуралдаанаас гарсан шийдвэр:
Нүүрсний асуудалтай холбоотой болон бусад ажлын хариуцлага алдсан албан тушаалтнуудад яаралтай хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Засгийн газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, тэр дундаа авлига, албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай заалтыг өөрчлөх талаар яаралтай шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ.
УИХ-ын даргын захирамжаар нүүрсний асуудалтай холбоотойгоор олон нийтийн нээлттэй сонсгол явуулах шийдвэр гарсан. Уг асуудлыг ХЗБХ болон ЭЗБХ-ны хуралдаанаар нэн даруй хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хүрээнд дараахь асуудлуудыг шийдвэрлэнэ.
• Засгийн газар яаралтай хуралдаж, “Оффтэйк” гэж нэрлэгдээд буй урьдчилсан гэрээнүүдийг нууцлалаас гаргах
• Цаашид нүүрсний гэмт хэрэгтэй холбоотой асуудал гаргахгүйн тулд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг УИХ-аас яаралтай батлах
• Нүүрсний хулгайн асуудалтай холбоотой олон нийтийн нээлттэй сонсголыг яаралтай зохион байгуулах