Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа
12 сарын 12, 2022

   Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг өнөөдөр /2022.12.10-ны өдөр/ хүлээн авч уулзлаа.
Хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа боомтуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, сайжруулах асуудлаар санал солилцсон нь энэ удаагийн уулзалтын онцлог байв.
Засгийн газрын шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Боомтын асуудал эрхэлсэн сайдын ажлыг хавсран гүйцэтгэх болсон. Тиймээс уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хилийн “Хавирга” боомтыг нээх асуудлаар БНХАУ-тай хамтарч ажиллах, энэ хүрээнд цахим хурал зохион байгуулах саналтай байгаагаа уламжиллаа.
Элчин сайд Цай Вэньруй ӨМӨЗО-ы Боомтын хэрэг эрхлэх газарт саналыг уламжилж, хамтарч ажиллахаа илэрхийлсэн. Мөн Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах чиглэлээр авч буй арга хэмжээнд талархаж байгаагаа илэрхийлээд цаашид БНХАУ-тай хамтран ажиллах бүхий л арга хэмжээнд дэмжлэг үзүүлнэ гэв.