Сургууль орчмын замын аюулгүй байдлыг хангах төсөл хэрэгжүүлнэ
1 сарын 16, 2023

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-тай хамтран ерөнхий боловсролын сургууль орчмын замын аюулгүй байдлыг хангах болон түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “School zone” буюу “Улаанбаатар хотод сургуулийн бүс байгуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх төсөл” дэмжигдэж, эхний суурь судалгаа хийх баг манай улсад ирээд байгаа. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга И Кан Санг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн боловсролын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын хөгжлийн газар, НЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд оролцсон юм. 2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 281 сургуульд 340,069 сурагч, 15,390 багш сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулсан байна. Зам тээврийн ослын улмаас 2022 онд 79 хүүхэд нас барсны 69 тохиолдол нь орон нутагт гарсан бол долоо нь нийслэлд, тэр дундаа Сонгинохайрхан дүүрэгт тав, Баянзүрх дүүрэгт хоёр хүүхэд амиа алджээ. Тиймээс сургуулийн орчинд 300 метрийн радиус доторх замын тэмдэг, тэмдэглэгээ, замын байгууламжийг олон улсын жишигт нийцүүлэх, сургуулийн сурагчдад зориулсан тээврийн үйлчилгээний шинэ менежментийг нэвтрүүлэх зэрэг олон ажил хийх шаардлагатай байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Уг төсөл сонгон шалгаруулалтад дэмжигдэж хэрэгжих болсонд талархалтай байна. Нийслэлийн зүгээс сургуулийн бүсэд смарт бүс байгуулах тал дээр санал нэгдэж байгаа. Оновчтой шийдэл гаргаж, тогтвортой байлгахад анхаарч ажиллана. Тухайлбал, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд замтай хэт ойр, эсвэл хэт хол байрлах гэх мэт төрөл бүрийн онцлогтой. Сургууль тус бүрийн онцлогт нийцсэн санал боловсруулна гэдэгт итгэлтэй байна. 2020 онд гаргаж байсан санал, санаачилгуудыг дахин сайжруулж, төслийн хүрээнд хийх ажлыг нийслэл болон дүүргийн төсөвт суулгах хэрэгтэй” гэсэн юм.

КОЙКА-гийн хувьд 2014 онд 46 дугаар сургуулийн орчимд “School zone” байгуулж байсан түүхтэй. Тиймээс энэ удаад илүү өргөн хүрээнд төсөл хэрэгжүүлэхээр судалгааны ажил хийж байгаа юм.

КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга И Кан Сан “School zone” төсөл удаан хугацааны дараа үр дүнгээ өгнө. Тиймээс бид Монгол Улсын Засгийн газар болон хотын удирдлагуудаас гаргаж байгаа саналыг судлах хэрэгтэй байгаа. Манай судалгааны багт БНСУ-ын дүрэм, журам баталдаг эрх бүхий гишүүд ч ажиллаж байна. Тиймээс судалгааны үр дүнд Монголд мөрдөж байгаа замын хөдөлгөөнтэй холбоотой зарим нэг дүрэм, журамд өөрчлөлт оруулах санал гарахыг үгүйсгэхгүй. Бид бага насны хүүхдийн аюулгүй байдалд түлхүү анхаарч ажиллана. БНСУ-д смарт технологи жил ирэх тусам хөгжиж байгаа. Тухайлбал, сургуулийн орчинд хүүхэд замын хөдөлгөөнд оролцохоор байшингийн булан тойрч гарч ирэхэд тухайн бүс тэр чигтээ улаан гэрэлтэй болох, хүүхэд замаас холдоход ногоон гэрэлтэй болох зэрэг шинэ шийдлүүдийг ч хэрэгжүүлэх боломжтой. Бид төслөө хэрэгжүүлэхдээ иргэдийн саналыг тусгана. “Улаанбаатар хотод сургуулийн бүс байгуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх төсөл” 2024 онд хэрэгжиж дуусах төлөвлөгөөтэй байгаа” гэлээ.  

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС