УБЗАА-наас зохион байгуулж буй Хаврын цэвэрлэгээний аянд Монголын cууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл (МСӨХДЗ) нэгдэж байна.
МСӨХДЗ-ийн гүйцэтгэх захирал М.Галбаатар:
-МСӨХДЗ-өөс 2023 оныг СӨХ-ны эрх зүйн орчныг сайжруулах, мөн хүүхдэд таатай орчин бүрдүүлэх жил болгон зарласан. Энэ хүрээнд хийх эхний ажил маань Хаврын их цэвэрлэгээний аянтай уялдаж байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 1600 гаруй СӨХ хүүхдийн тоглоомын талбайнуудад үзлэг, шалгалт хийсэн. Үүний дүнд нийслэлийн хэмжээнд 138 тоглоомын талбайд засвар, үйлчилгээ хийх шаардлагатайг тогтоогоод байна. Тэгэхээр эхний ээлжид бид нийтийн зориулалтын орон сууцны ойр орчимд байгаа хүүхдийн тоглоомын талбайг угаах ажлыг зохион байгуулна. Мөн хороолол, хотхон, байрны фасад, хашлага, хайсыг цэвэрлэх арга хэмжээг авна гэлээ.
Энэ үеэр НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:
-Цаг агаар дулаарч, хөрсөн дээр нэмэх хэмтэй болохоор цэвэрлэгээний ажилд оролцох 100-140 хүнтэй иргэдийн бүлэг байгуулна. Ингэхдээ хагас цагаар буюу өдөрт таван цаг ажиллуулах тул иргэдийн бүлэгт ажиллах хүсэлтэй хүмүүс УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтэст хандах боломжтой. Орчноо цэвэр байлгахад иргэдийг уриалан, нүхэн гарцыг угаасан залуус болон эзэмшил газар, байшин барилгынхаа фасадыг цэвэрлэсэн аж ахуйн нэгжид нийслэлийн удирдлагуудын нэрийн өмнөөс талархсанаа мөн илэрхийлье гэсэн юм.