Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уул уурхайн бус экспортын салбарынхантай ээлжит “Өглөөний уулзалт”-аа хийлээ. Улс оронд хамгийн олон ажлын байр бий болгодог тус салбарынханд эдийн засгийн нөхцөл байдал, бизнесийн орчныг дэмжих Засгийн газрын бодлогыг танилцуулж, ярилцлаа. Манай улсын 704 аж ахуйн нэгж дэлхийн 55 улсад 234 нэр төрлийн уул уурхайн бус бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргасан байна. Монгол Улсын нийт экспортын 93 хувийг уул уурхай, үлдсэн нь бусад төрлийн экспорт эзэлж байна.
Энэ үеэр Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг "Монголын ноолуурын экспорт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Дэлхийн том брэндүүд өмнө нь БНХАУ-аас ноолуур авдаг байсан бол ковидтой холбоотойгоор Монголоос авч эхлээд байна. Хамгийн сүүлд гэхэд Италийн 2 том брэнд Монголын ноолуурын салбарт хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлээд байна. Энэ эрэлт, сонирхлыг хангахад тогтвортой бодлого, зээлийн хүртээмж, хугацааг нэмэх зэрэг дэмжлэг хэрэгтэй байна" гэв