Б.ЭНХ-АМГАЛАН: Батлан хамгаалах салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байна
4 сарын 27, 2023

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, тус Байнгын хорооны гишүүн Н.Энхболд, Э.Бат-Амгалан нар 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Батлан хамгаалахын яам болон Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллалаа.


Байнгын хорооны дарга, гишүүд олон улсын геополитик, геостратегийн хувьсал өөрчлөлтийн байдал, түүнтэй уялдан Монгол Улсын аюулгүй байдлын орчинд гарч буй өөрчлөлтөд батлан хамгаалах тогтолцоог хэрхэн бэхжүүлэх талаар болон хэрэгжүүлж буй ажлууд, цаашид төлөвлөсөн зорилт, арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлуудын талаар мэдээлэл сонсож, харилцан санал солилцлоо.

Байнгын хорооны дарга, гишүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар болон цаашид холбогдох хууль тогтоомжийг улам боловсронгуй болгон  шинэчлэл хийх, тус салбарын нийт албан хаагч, бие бүрэлдэхүүний цалин хөлс, ажиллах нөхцөл, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх, зэвсэг, техник хэрэгслийг шинэчилж сайжруулахад шаардлагатай төсөв хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг тус салбарын өмнө тулгамдаж байгаа  асуудлуудыг  Батлан хамгаалах  яамны удирдлагууд танилцууллаа.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тус салбарын ажил байдалтай танилцаад, Байнгын хорооны зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах болно гэдгийг онцлон тэмдэглэлээ. Тухайлбал, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг холбогдох Байнгын хорооны зүгээс Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлтэй хамт хэлэлцүүлэхээр бэлтгэл ажил хийгдэж байгааг дурдаад, Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх, мөн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шинэчлэхэд хамтарч ажиллана гэлээ.

Түүнчлэн 2010 онд Улсын Их Хурлаас баталсан Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай Улсын Их Хуралд өргөн мэдүүлж батлуулах нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын болон бүс нутгийн энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсын зэвсэгт хүчний  болон холбогдох байгуулагуудын бие бүрэлдэхүүн, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чухал алхам болохыг тэмдэглэв. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх тус салбарын төсөв, хөрөнгө оруулалтын хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхэд Байнгын хороо  анхаарал хандуулж ажиллана.  

Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүний нөөцийн хангалтыг сайжруулах, “Кибер аюулгүй байдлын Дата төв”-ийг байгуулах, Барилга- инженерийн цэргийн  бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх, цэргийн эмнэлэгийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгийг батлан хамгаалах салбарыг бэхжүүлэхэд бүрэн зарцуулдаг байх, хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс цэрэг, спортын “Дөл” тоглолтыг хөдөө, орон нутагт бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулдаг байх нь зүйтэй  хэмээн байр сууриа илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.