Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс
эрхлэн гаргаж буй “Монгол хэлний зөв бичих, дүрмийн журмалсан толь”-ийн нээлт
өнөөдөр боллоо. Монгол хэлний журмалсан толийг төрөөс эрхлэн гаргаж байгаа нь
хэн нэгэн дур мэдэн сольж, энэ нь зөв, тэр нь зөв гэж маргалддаг үеийг өнгөрөөж
байгаа юм. Энэ толь нь Ерөнхий Боловсролын сургуулиудаар үнэгүй тараагдахаар
болжээ.
Монгол Улсын Ардын багш С.Дулам “Сүүлийн
хоёр жилийн турш манай эрдэмтэд хүчин чармайлт гарган ажилласны хүчинд энэ
толийг гаргаж чадлаа. Хамгийн ихээр маргаан дагуулж байсан үгүүдийг хэлэлцэж,
журмалсан. Хамгийн энгийнээр хэлэхэд 700 үгийн жагсаалтыг хүртэл дахин
журмалсан гэсэн үг. Өнөөдрөөс эхлээд маргаантай бичигддэг 700 үгийн жагсаалт
хэрэглэхгүй” гэв.
Монгол улс 1941 оноос кирилл бичгийн
хэрэглээг нэвтрүүлсэн хэдий ч зөв бичих, үгсээ журамлах асуудал нэлээд хожуу
эхэлж, Ц.Дамдинсүрэн тэргүүтэй эрдэмтэд анх журамлаж байжээ. Ийнхүү 35 жилийн
дараа нэгдсэн байдлаар дахин журамлалаа.