Засгийн
газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн
хуралдаанаар Боловсролын зээлийн сангийн асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга
Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. Тэрбээр “Засгийн газрын авлигын эсрэг хэрэгжүүлж
байгаа "шилэн" ажиллагааны хүрээнд БЗС-гийн мэдээллийг ил болгосон.
Боловсролын зээлийн сангийн асуудлыг хоёр түвшинд авч үзэх хэрэгцээ шаардлага
байгаа.
Зээлийн сантай холбоотой асуудалд, нэгдүгээрт тус сан нь цаашид хэвийн үйл ажиллагаагаа явуулж байх шаардлагатай. Төрийн болон хувийн хэвшлийн түвшинд олон улсын түвшинд дээгүүрт тооцогдож байгаа их, дээд сургууль болон мэргэжлээрээ шалгарсан тохиолдолд дэмжлэг тэтгэлэг аван суралцах зарчим байх ёстой. Гагцхүү Монгол улсын Засгийн газрын зүгээс ямар мэргэжлийн, ямар боловсон хүчнийг бэлтгэх ёстой вэ гэдгийг тодорхой болгох шаардлага байна гэж үзэж байна. Хоёрдугаарт, тэтгэлэг зээл авахын тулд 11 шат дамжлага дамждаг. Үүний 5 нь БШУЯ, 4 нь БЗС, 2 нь зээл олголт буюу банкны түвшинд асуудал шийдэгддэг байна. Энэ 11 шат дамжлага бүрдээ хүний оролцоотой байсан байна. Тиймээс Засгийн газраас энэ асуудлыг 7 хоногийн дотор бүрэн автоматжуулсан систем буюу ямар нэгэн хүний оролцоо байхгүй, төрөөс тавьсан болзол шаардлагыг хангасан иргэн бүр энэ шалгаруулалтад оролцох эрхийг нээж өгнө” гэлээ.