ШӨХТГ: Шүүхийн шийдвэр хэвээр үлдвэл банкууд 2021, 2022 оны ипотекийн зээлийн шимтгэлийг иргэдэд буцаан олгоно
6 сарын 14, 2023

ШӨХТГ-аас банкны шимтгэлийн 1 хувьтай холбоотой шүүхийн шийдвэр болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

ШӨХТГ-ын дарга Н.Мандуул: "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс ШӨХТГ-аас 9 арилжааны банканд тавьсан актыг хүчинтэй гэсэн шийдвэр гаргасан. Эргэн сануулбал, ШӨХТГ-аас 2022 оны 8 дугаар сарын 12-нд ипотекийн зээлтэй холбоотой арилжааны банкуудын авч буй шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авч зөрчлийн үр дагаврыг арилгах гэсэн даалгавар тавьсан байдаг. Үүнийг арилжааны банкууд эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд хандаж, анхан шатны шүүх банкуудын талд шийдвэр гарсан. ШӨХТГ давж заалдаж өчигдөр шүүх хурал болж шийдвэр ШӨХТГ-ын талд гарлаа. Процессийн хувьд шүүхийн шийдвэрийг албажуулсан байдлаар ирэхийг нь хүлээж байна. Үүний дараа арилжааны банкууд Дээд шүүхэд хандах эрх нь нээлттэй. Дээд шүүх хүлээн авахгүй бол энэхүү акт хүчин төгөлдөр үйлчилнэ.  ШӨХТГ-аас тавьсан зөрчлийн үр дагаврыг арилгах шаардлага зөвхөн 2021, 2022 онуудыг хамарч байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй” гэв.

 

Өмгөөлөгч С.Ялалт: ШӨХТГ-аас арилжааны банкуудад тавьсан албан шаардлагын дагуу Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдэх юм бол үр дагаврыг арилгах арга хэмжээг арилжааны банкуудаас авч хэрэгжүүлэх шаардлага үүсч байгаа. Үүнд хоёр жилийн өмнө үндэслэлгүйгээр авсан шимтгэлийг зээлдэгч нарт буцаан олгоно. Мөн ирээдүйд олгох зээлд үндэслэлгүйгээр шимтгэл авахгүй байх үр дагавар үүснэ. Хэрэв албан шаардлагыг арилжааны банкууд сайн дураар биелүүлэхгүй бол шийдвэр гүйцэтгүүлэх арга хэмжээ явагдаад албадан гүйцэтгүүлэх арга хэмжээ авагдах ёстой. Энэ нь зөвхөн 2020, 2021, 2022 оны ипотекийн зээлийн шимтгэлтэй холбоотой асуудал яригдаж байгаа. Иргэний хэргийн 3 шатны шүүхээр хоёр удаа шимтгэлийн асуудал эцэслэгдээд шийдэгдсэн байдаг. Иргэд сайн дураараа шүүхэд нэхэмжлэл гаргаад шимтгэл үндэслэлгүй аваад байгааг Дээд шүүхээр шийдүүлж ялалт байгуулсан байдаг. Тэгэхээр иргэдэд энэ эрх нь нээлттэй гэлээ.

Өнөөдрийн байдлаар орон сууцны зээлтэй 110 мянган иргэн байгаа. Үнийн дүнгээр авч үзвэл 10 жилийн хугацаанд 47 орчим тэрбум төгрөг буцаан олгохоор байгаа юм. Гэвч ШӨХТГ-ын шалгалтад хамрагдсан 2021, 2022 оны ипотекийн зээлийн шимтгэлтэй холбоотой асуудлыг ШӨХТГ-аас албан шаардлагын дагуу хэрэглэгчийн эрхийг хамгаалж ажиллана. Харин энэ онуудаас өмнөх зээлийн шимтгэлийг ШӨХТГ, Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны хүрээнд хамаарахгүй байгаа учраас шалгах боломжгүй байгаа гэдгийг онцоллоо.