ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Гэмтлийн эмнэлгийн ачаалал эрс ихэсчээ
7 сарын 3, 2023

    Гэмтлийн эмнэлгийг сурвалжлахаар зорилоо. Хүлээн авах яаралтай тасгаар ороход хүний хөл хөдөлгөөн их, цаг авах хэсгийн гурван цонх нь бөөн дараалалтай байх аж. Эмч болгоны үүд хүнээр дүүрч, айж сандарсан, доголж хазганасан, өрөөсөн хөл дээрээ цовхочсон, тэргэнцэрт түрүүлсэн, насилк дээр хэвтсэн хүмүүс коридороор дүүрэн. Хүлээн авахын эмчийн өрөөнд ортол толгой өргөх завгүй хүнд дарагдаж, өөрийгөө ч танилцуулах сөхөөгүй “Та ажил их байгааг харж байгаа биз дээ. Осол аваар, гэмтэл бэртэл маш их байна. Дуудлага тасрахгүй, яаралтай түргэнээр хүмүүс тасрахгүй ирж байна. Зуны цагт энэ үзэгдэл бүр нэмэгддэг” гэв. Ингээд хүлээн авахын эмчийн өрөөнөөс буцаж гарлаа. Үүдэнд нь хүлээн суух нялх хүүгээ тэвэрсэн эмэгтэй рүү очив.

    -Хүүхэд тань хэдтэй вэ?

    -Ой хоёр сартай.

    -Гэмтээ юу?

    -Орноос унаад хүзүү нь эвгүй болчихсон бололтой, үзүүлэх гээд явж байна.

    -Ямар зовиуртай байна вэ?

    -Мөөмөө хөхөхгүй уйлагнаад, арагшаа шил нь татсан юм шиг зүтгээд байгаа.

    -Хэзээ тийм зүйл болчихов?

    -Өглөө болчихлоо. Би л хүүгээ сайн харж чадсангүй хэмээн уйлав. Уг эмэгтэйг Н.Отгонцэцэг гэдэг. Гурван хүүхдийн ээж ажээ. Ингэж хүүхдүүдээ бэртээж байсангүй хэмээн уйлах нь өрөвдмөөр. Яаралтай хүлээн авах тасагт жаахан байтал тогонд цохиулсан, автомашинтай осолдсон, хүнд зодуулсан, согтуу зодолдсон гэх янз бүрийн хүмүүс ирэх нь нүд хальтрам. Жаахан зогстол зүрх чичрэх шинжтэй. Хүлээн авах яаралтай тусламжийн тасгаас Хүүхдийн тасаг руу орлоо.


    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дөрөвдүгээр давхарт хүүхдийн тасаг байрладаг юм байна. Биднийг хүлээн авсан Хүүхдийн тасгийн сувилагч С.Мөнгөн "Манайх хоёр тасагтай байсан боловч одоо нэгтгээд нэг болгочихсон. Нөгөө хэсэгт нь том хүмүүс авч байгаа. Зун болохоор осол гэмтэл маш их нэмэгддэг. Тиймээс том хүний тасгаа нэмсэн. Хүүхдүүдээ хүлээн авахын тулд өрөө бүрээ зургаан ортой болгосон. Тэгсэн ч багтахгүй коридортоо авч байна. Ачаалал маш их байгаа" гэв.

    -Энд ихэвчлэн хэдэн настай хүүхдүүд ирдэг вэ?

    -0-18 насны бүх хүүхэд ирдэг. Одоогоор хамгийн бага нь 1.2 настай. Том нь 18 настай хүүхдүүд бий.

    -Хүүхдүүдэд ихэвчлэн тохиолдох гэмтлүүд юу вэ?

    -Унаж хөл гараа хугалах, дугуй унаж байгаад унаж гэмтэх тохиолдлууд их. Дугуйт тэшүүр, тоглоомын талбай, хашаанаас унаж бэртэх тохиолдлууд бас их нэмэгдсэн.

    -Хүүхдүүд гар хугалах, хөл гэмтэх тохиолдлууд их байх шиг?

    -Ихэвчлэн гар нь хугарсан хүүхдүүд ирдэг. 5-7 хоног эмчилгээ хийдэг.

    Ингээд Хүүхдийн тасгаар явж үзлээ. Нэг өрөөнд зургаан ортой. Ор болгон өвчтөнтэй. Наймаас дээш насны хүүхэд өөрөө явж чадахаар бол сахиур авдаггүй юм байна. Харин хөлөө бэртээсэн өөрөө явж чадахгүй хүүхдүүд сахиур авдаг ажээ. Хөлөө хугалаад эмнэлэгт ирсэн 10 настай Л.Бат-Эрдэнэ ярихдаа "би дугуй унаж яваад тормос муу, уруу газарт зогсож чадахгүй дугуйтайгаа хөмрөөд уначихсан. Босох гэтэл босч чадахгүй хөл маш их өвдсөн. Хажуугаар явж байсан хүнийг гуйж утсаар яриад аавыгаа дуудтал " Хөл чинь хугарсан бололтой" гээд л шууд наашаа ирсэн. Үнэхээр аймаар өвдсөн. Тэгээд эмч үзээд хугарсан байна гээд яаралтай хагалгаа хийж хадаас хадсан гэсэн. Одоо жаахан лугшиж өвддөг. Тэгэхээр эмчдээ хэлээд өвчин намдаах тариа хийлгэчихдэг. Удахгүй эдгэх байх аа" хэмээн инээмсэглэв.

    Түүний аав Лхагватай ярилцлаа.

    -Хүү тань дугуйтайгаа унасан гэлээ?

    -Харин тийм. Эртээдээс хойш аав дугуйны тормос муудаад байгаа янзлаад өгөөрэй гэхэд нь ажил ихтэй амжихгүй яваад байсан юм. Ийм л юм болох гээд байж.

    -Одоо ямар зовиуртай байгаа вэ?

    -Анх ирэхэд хүргэхгүй, уйлаад их хэцүү байсан. Одоо хагалгаа хийлгээд хадаас хадуулаад зовиур нь багассан. Эмнэлэгт байгаа болохоор өвдөөд байна гэвэл өвчин намдаах тариа хийлгэчихдэг нь их амар юм.

    -Хүүхдээ сахихад хүндрэлтэй зүйл байна уу?

    -Одоогоор сул ор байхгүй, коридорт байна. Хүү орон дээр татлагатай хэвтэж байгаа. Надад ганц оногдсон нь энэ ганц сандал. Шөнөжин суугаагаараа хонох бололтой. Маргааш хүүхдүүд гарахаар зөрж орон дээр нь хэвтүүлэх юм гэсэн. Эмч, сувилагчдын харилцаа хандлага үйлчилгээ сайтай. Асрагчдын цэвэрлэгээ асаргаа сайн ч улсаас хийх ёстой ажил нь дутуу болохоор үнэндээ нэг юм дутуу санагдаж байна.

    -Хүүдээ ямар эмчилгээ хийлгэв?

    -Ирэнгүүт шууд томографийн зураг авсан. Тархи, хөл гар бүгдийг нь харна лээ. ЭХО хэвлий, дотор эрхтнийг харсан. Рентген зургаар гарын хугарлыг харсан. Тэгээд л яаралтай хагалгаанд оруулж хөлд нь хадаас хадсан. Одоо эм зүйн эмчилгээ хийгдэж байна. Тоног төхөөрөмж эмч сувилагчдын ур чадвар өөлөх юм алга. Гэхдээ хүрэлцээ муутай. Ор олдохгүй, коридор дүүрэн хүн. Уг нь иймэрхүү зүйлээ төр хариуцах ёстой биз дээ.

    Ийн ярилцах хооронд хүүхдүүд нэмэгдэж ирсээр байв. Коридорт түрүүнийхээс ч олон хүнтэй болчихлоо. Хүүхдийн тасгийн эмч Г.Нямсүрэн ярихдаа "Хүүхдүүд явган болон дугуй, тэшүүр гээд маш олон зүйлээс хамааралтай осол гэмтэлд өртөх нь их байна. Ихэвчлэн гараа хугалдаг. Түнх мултрах тохиолдол олширлоо. Эцэг эхчүүд, асран хамгаалагчид хүүхдүүдийнхээ идэж уух зүйлд анхаарахгүй бол хоол хүнс, хөрс агаараас болж хүүхдийн ясны хэврэгшил их болж унаад л гараа хугалах, тохой мултрах, шагайгаа булгалах нь их боллоо. Газтай ундаа, бэлэн хоолны хэрэглээтэй энэ нь зайлшгүй холбоотой. Зуны улиралд хүүхдүүдээ агаар салхинд авч яваач ээ. Хүүхдүүддээ анхаарал халамж, болгоомжлолыг үргэлж сануулж байхад илүүдэхгүй. Сүүлийн жилүүдэд хүүхдийн осол гэмтэл маш их болсон. Манайхан өөрсдөө ч бас архины хэт өндөр хэрэглээтэй. Түүнээсээ болж хүүхдүүдээ бэртээж гэмтээх тохиолдол ч байна. Анхаарал болгоомжтой байж, хоол хүнсний хэрэглээгээ зохистой болгож, хүүхдүүддээ анхааралтай хандмаар байна" гэлээ. Хүүхдийн тасгаас лифтээр доош буутал хоёр эрэгтэй эмч суув. Хоорондоо "Ачаалал эрс нэмэгдчихлээ. Яагаад нэмэгдчихэв. Зун болохоор усны болон автомашины осол эрс нэмэгддэг шүү дээ" хэмээн ярилцаад гуравдугаар давхарт буучихав. Хаалга хайн явтал компьютер томографийн зураг авах өрөөний үүдэнд хориод хүн дараалан зогсжээ. Хажуугаар нь зөрөх гэтэл нэг сувилагч "Та дээр хэвтэж байгаа биз дээ. Гарч хаачих гээд байгаа юм. Тэгээд зугтаачихдаг байхгүй юу, энэ хүмүүс. Хариуцлага нь бидэнд ирнэ. Өчигдөр тархины тасгаас нэг хүн оргоод, өнөө өглөө муудаад ирнэ лээ. Тэгээд л бөөн ажлын хажуугаар цагдаа сэргийлэхээс ирж байцаалт өг гээд дандаа асуудал төвөг уддаг. Та нар өөрсдийгөө боддоггүй юм аа гэхэд хэдэн муу эмч сувилагчаа бодмоор юм. Та бүхний төлөө л ажиллаж байгаа шүү дээ" хэмээн чангаар ярихад нь түрүүний гарах гэж байсан эрэгтэй буцаад л тасаг руугаа алхаж байгаа харагдлаа.

    С.ОТГОНБАЯР

    Б.ЭНХГЭРЭЛ

    П.УРАНТОГОС