Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, үйлчилгээг иргэдийн хэрэгцээ, шаардлага, стандартад нийцүүлэх талаар санал солилцож, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ. Уулзалтад нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг төр, хувийн хэвшлийн 20 орчим байгууллагын удирдлага хийгээд холбогдох албаныхан оролцсон юм.
Энэ үеэр Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Б.Жавхлантбаатар “Нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр парк шинэчлэл хийж буй. Тодруулбал, 2020 оноос хойш цахилгаан 79 автобус, “Евро 5” дизель хөдөлгүүрт их багтаамжийн 284 автобус, хоёр давхар, цахилгаан эх үүсвэрээр ажилладаг 10 автобус, хүүхдийн 75 автобус, дунд багтаамжийн хоёр автобус, нийт 450 автобусаар парк шинэчлэл хийгээд байгаа юм. Харин 2023-2024 онд их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600, цахилгаан хөдөлгүүртэй 160, дунд багтаамжийн 50 автобус, нийт 810 тээврийн хэрэгслээр парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд 2023 оны есдүгээр сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэл нийт 704 автобус оруулж ирэхээр төлөвлөж байна” гэлээ.
Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг өвлийн цагийн хуваарьт шилжүүлэн, есдүгээр сарын 15-наас шөнийн тээврийн үйлчилгээг найман чиглэлд явуулж эхэлжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:
-Нийтийн тээврийн үйлчилгээ хүртээмжтэй, стандарт хангасан байх ёстой. Энэ зорилгын төлөө бид ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүд ч мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, санхүүгийн сахилга баттай байх хэрэгтэй. Судалгаагаар манай баримталж ирсэн бодлого иргэдийг нийтийн тээврээр зорчихгүй байхад чиглэсэн байна. 2007 онд нийслэлийн иргэдийн 67 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлж байсан бол энэ тоо 2022 онд 34 хувь болж буурсан.
Улаанбаатар хотод нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, метро нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ хүрээнд Ажлын хэсэг байгуулж, холбогдох судалгаа, ажлуудыг хийж байна. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр автобуснуудын иж бүрэн парк шинэчлэл хийж байгаа. Мөн маршрут, төлөвлөлтийг шинэчлэх шаардлагатай. Нийт 1220 гаруй автобусаар парк шинэчлэл хийж буй. Өмнө нь ийм хэмжээний парк шинэчлэл хийж байгаагүй. Түүнчлэн хотын хөгжлийг боомилж буй хуулиудыг өөрчлөхөөр Улаанбаатар хотын багц хуулийг боловсруулж байна.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид зөвхөн үр дагавартай зууралдаж ирсэн. Одоо Нийслэлийн Засаг даргын дэргэд Бодлогын судалгаа, шинжилгээний төв байгуулагдаж, эрдэм шинжилгээний байгууллага, судалгааны төвүүд, их, дээд сургуулийн эрдэм шинжилгээний 30 гаруй хүрээлэнтэй хамтран шалтгаанд суурилсан бодлого гаргахаар ажиллаж байна гэлээ.
Нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд хүний нөөцийн хомсдол хамгийн их тулгамддаг асуудал гэдгийг хэлж байв. Мөн компаниуд хувиараа автобусны нөхөн хангалтыг хийдэг боловч автобусыг үйлчилгээнд гаргадаггүй. Иймээс бодлого, менежмент, зохион байгуулалтаа сайжруулах санал гаргаж байлаа. Түүнчлэн парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирж буй автобуснуудын хуваарилалтыг хүртээмжтэй хийж, нөхөн төлөх боломжийг тодорхой, уян хатан болгох, нэмээд түлшний чанарыг сайжруулахгүй бол автобуснууд 2-3 жилийн дараа шаардлага хангахгүй болох эрсдэлтэйг хэлж байв. Тэрчлэн жолооч нарын цайны цаг 10 минут байдгийг 20 минут болгож уртасгах, ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдэх хэрэгтэйг онцоллоо.
Хотын дарга нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулахад аж ахуйн нэгжүүдийг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС