Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.10.05/ болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.
Нийслэл хотод үүссэн нөхцөл байдал, хотын удирдлага өөрийн хүсэлтээр ажлаа өгсөнтэй холбогдуулан Засгийн газрын зүгээс нийслэл хотод онцгой анхаарах чиглэл өглөө.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүллээ. Түүнд, нийслэлийн ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх, агаарын бохирдол бууруулах дорвитой алхам хийх, түлшний зохистой хэрэглээг нэвтрүүлэх, нийтийн тээвэрт үүссэн асуудлыг нэн яаралтайгаар шийдвэрлэх үүрэг даалгавруудыг өглөө. Өмнөх удирдлагуудын гаргасан алдаа дутагдлыг арилгах үүрэг даалгаврыг ч мөн өглөө.
Х.Нямбаатар УИХ-ын гишүүн бөгөөд Засгийн газрын кабинетын гишүүнээс татгалзаж хотын даргын ажлаа хийнэ. Гэхдээ Засгийн газрын нэг төлөөлөгч маягаар ажиллана. Засгийн газар бодлогын дэмжлэг үзүүлж ажиллана.
НИТХ өнөөдөр хуралдаж, Засгийн газрын зүгээс нэр дэвшүүлсэн хүний асуудлыг авч хэлэлцэн батална. Мөн Засгийн газрын хуралдаанаар ХЗДХ-ийн сайдын орлон ажиллах хүнийг тодорхой болгоно.
Д.Сумъяабазар дарга ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгсөн болохоос авлига албан тушаалын гэмт хэргээс болж ажлаа өгөөгүй гэдгийг тодотгон хэлье гэв.