Нотариатын байгууллагын 98 жилийн ойг тохиолдуулан  Цахим нотариатын нээлтийн үйл ажиллагаа  зохион байгуулагдлаа
10 сарын 17, 2023

Монголын Нотариатчдын танхимаас 2013 оны 07 дугаар сард Олон Улсын Нотариатчдын холбооны Азийн бүсийн хурлыг Цахим нотариат сэдвийн хүрээнд өөрийн эх орондоо анх удаа зохион байгуулж, нотариатын цахим системийн үндэс суурийг тавьсан түүхтэй.

Үүнээс хойш нотариатын цахим системийн олон жилийн туршлагатай улс орнууд болох Эстони, Япон, Солонгос, Герман, Франц улсуудаас туршлага судалсны үндсэн дээр Цахим нотариат системийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан.

Монголын Нотариатчдын танхим, “Интерактив” ХХК-тай 2017-01-05-ны өдөр Нотариатын үйл ажиллагааг цахимжуулахаар гэрээ байгуулж, тус компаний хөгжүүлсэн Veritech ERP платформ систем дээр суурилсан Нотариатын цахим системийг бий болгон нэвтрүүлж, төрийн цахим мэдээлэл солилцооны ХУР системтэй холбогдсон.

Нотариатын үйл ажиллагаанд цахим систем нэвтэрснээр дараах ач холбогдолтой:

·         Нотариатын цахим мэдээллийн нэгдсэн бааз суурьтай болсон;

·         Төрийн байгууллагын дундын мэдээллийн сангаар дамжуулан бусад төрийн байгууллатай цахим хэлбэрээр мэдээлэл солилцдог болсон;

·         Төрийн бусад байгууллагаас биеэр очиж авдаг, лавлагаа, мэдээллийг нотариатын цахим системээс авдаг болсон;

·         E-Mongolia платформоор дамжуулан Нотариатаар гэрчлүүлсэн үйлдлийн лавлагаа, архивын баримтыг цахим хэлбэрээр авдаг болсон;

·         Үйлчлүүлэгчийн хувийн байдлыг хурууны хээ буюу биеийн давхцахгүй өгөгдлөөр тогтоодог болсноор иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөхөөс урьдчилан сэргийлдэг болсон;

·         Нотариатын үйл ажиллагаа илүү түргэн шуурхай, аюулгүй, найдвартай болсон;

·         Хилийн чанадад ажиллаж буй нотариатын үүрэг гүйцэтгэгч нарын үйл ажиллагаанд цахим системийг нэвтрүүлснээр хилийн чанадад гэрчилсэн итгэмжлэлийг цахим системээр дамжуулан нотариатчаас авдаг болсон зэрэг болно.

Нотариатын цахим системийн үндсэн суурь тавигдсанаас хойш 10 гаруй жилийн хугацаанд тус системийг байнга боловсронгуй болгон, хөгжүүлж, төрийн бусад байгууллагатай цахим хэлбэрээр мэдээлэл солилцож, нотариатын үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, үйлчилгээний шат дамжлага буурч, цахим системийн үйл ажиллагаа тогтворжсон тул Цахим нотариатын нээлтийн үйл ажиллагааг албан ёсоор хийж байна. 

 

 

- - - oOo - - -