Монголын Үндэсний телевизийн Үндэсний зөвлөл ойрын өдрүүдэд ихээхэн бужигнаантай байх бололтой. Тодруулбал, гишүүн Д.Жавзандорж буюу (Монгол багш) Монголын бурхан шашинтны Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба ламын албанд шилжсэн учраас Монгол телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүний ажлаа өгөх хүсэлтийг гаргаад байгаа юм байна. Түүний хүсэлтийг УИХ-ын чуулганаар удахгүй хэлэлцэж дараагийн нэр дэвшигчийг томилох эсэхийг шийдвэрлэнэ. Түүний асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх явцад МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, түүхч Д.Өлзийбаатарыг эгүүлэн татах, орны гишүүнийг нөхөн томилох тухай асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Асуудлыг
тодруулбал, энэ оны зургадугаар сард МҮОНРТ-ийн 800 орчим ажилтан нэгдэж гарын
үсэг зурсан шаардлагыг Хяналтын зөвлөлдөө хүргүүлсэн юм байна. МҮОНРТ-ийн
ажилтнууд “Дараалан найман сар хуралдаа нэг ч удаа суугаагүй учраас
Д.Өлзийбаатарыг Үндэсний зөвлөлийн гишүүний ажлаас чөлөөлөхийг” шаардсан учраас
Хяналтын зөвлөл нь бүрэн эрхийнхээ хүрээнд зөвлөмж гарган холбогдох
байгууллагад нь хүргүүлжээ. Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн
26.1.5-д Үндэсний зөвлөлийн хуралдаанд дараалан зургаан сар биечлэн оролцоогүй
бол эгүүлэн татах үндэслэл болно гэж заасны дагуу асуудлыг шийдвэрлэх гэж буй
нь энэ. Ер нь МҮОНРТ-ийн Хяналтын зөвлөл анх удаа Үндэсний зөвлөлийн гишүүнийг
эргүүлэн татах зөвлөмжийг боловсруулан Ерөнхийлөгчийн Тамгын газарт, дүгнэлтийг
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн нь энэ ажээ.
Үүний хажуугаар
сүүлийн өдрүүдэд архивын 600 мянган хуудас материалыг хятадын талд хуулбарлан
шилжүүлсэн тухай асуудлыг сошиал орчинд буцаан сөхөж хариуцлага нэхэх
хандлагатай байна. Зарим эх оронч түүхчид, эрдэмтэд “600 мянган хуудас түүхийн
баримтаа гадны этгээдүүдэд копидож өгөөд явуулчихна гэдэг нь ял, шийтгэлгүй
үлдэх боломжгүй маш том нүгэл бас гэмт хэрэг юм” гэх байр суурийг илэрхийлэн уг
асуудлыг сэргээн шалгаж хариуцлага үүрүүлэх ёстой гэцгээж байгаа юм. Уг
асуудалд түүхч Д.Өлзийбаатарын нэр холбогддог билээ.