Энэ сарын 18-нд орон нутгийн цагаар 17:00-гийн үед Индонез улсын Суматра аралд орших Тоба нуурт зорчигч тээврийн усан онгоц далайн боомтоос 1.6 км-ийн зайд аялаж явахдаа живсний улмаас одоогийн байдлаар 192 хүн сураггүй болоод байна.
Онгоц осолдсоноос хойш эрлийн ажиллагааг гурав дахь хоногтоо явуулж байна. Индонезийн аюулгүй байдлын албанаас мэдээлж байгаагаар, одоогийн байдлаар 18 хүнийг аварч, гурван хүний цогцсыг уснаас гарган авсан байна. Сураггүй болсон ихэнх зорчигч усан онгоцны бүхээг дотор дарагдсан буюу эсвэл усан онгоцтой хамт живсэн байж болзошгүй гэж эрлийн багийнхан таамаглаж байна.
Индонезийн тэнгисийн цэрэг, тэнгисийн цагдаа, эрлийн албаны 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг аврах ажиллагаанд оролцож байна. Живсэн онгоцыг өнөөг хүртэл олоогүй байгаа юм.
Шумбагчид нуурын гүн хүртэл шумбаж, эрлийн ажиллагааг шумбагч дроны тусламжтайгаар хийхээр төлөвлөж байна. Усан онгоцны ахмад аврагдсан бөгөөд түүнийг саатуулж, ослын шалтгааныг мөрдөн шалгаж эхэлжээ.
Мөрдөн байцаагчид усан онгоцны ослыг цаг агаарын таагүй нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байна. Гэхдээ нөгөө талаас Индонез улсад гарч байгаа усан онгоцны дийлэнх осол буюу 40 орчим хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гардаг, 12 хувь нь цаг агаарын үзэгдэлтэй холбон тайлбарладаг байна.
Үүнээс гадна усан онгоцны оператор компаниуд үйлчлүүлэгчид, зорчигчдод тасалбар олгодоггүй учраас тухайн осол болох үед усан онгоцонд хэдэн хүн зорчиж явсан, ямар улсын иргэд байсан тухай мэдээлэл тодорхойгүй байна.
Тоба нуурын гүнийг 450 метр гэж тогтоосон байдаг. Уг нуур нь галт уулын тогоонд үүссэн дэлхийн дээрх хамгийн том нуурт тооцогддог. Тийм ч учраас энэ нуурыг үзэх гэсэн жуулчдын хөл тасардаггүй юм байна.