"Хүүхдэд хайртай Монгол” хэлэлцүүлэг  өнөөдөр боллоо
6 сарын 25, 2018

“Эх орон бүтээн байгуулалтын танхим” ТББ-аас  “Хүүхдэд хайртай Монгол” хэлэлцүүлгийг  өнөөдөр зохион байгууллаа.  НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт нийслэлийн төвийн 6 дүүргийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд, хороодын нийгмийн ажилтнууд, цагдаагийн ажилтнууд, багш сурган хүмүүжүүлэгчдийн төлөөлөл оролцсон байна. 

Хэлэлцүүлгийн зорилгын талаар зохион байгуулагч С.Хүрлээс зарим зүйлийн талаар тодрууллаа.

 

“Хүүхдэд хайртай Монгол” хэлэлцүүлгээр ямар асуудал хөндөв?

 

Өнөөдөр бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэл мөлжлөгт  өртөх,  томчуулын ухамсраас  шалтгаалж хүүхдээ хаях, төөрүүлэх, цэцэрлэг яслид багш нарын хайнга буруутай үйл ажиллагаанаас хамаарч хүүхдийн амь нас эрүүл мэнд хохирох явдалих гарч байна.  Гэтэл хүүхэд хамгааллын  чиглэлээр иргэдийн нийгмийн үүрэг оролцоо идэвх муу, эцэг эх асран хамгаалагчдын үр хүүхэддээ тавих хараа хяналт сул байсаар байна.  Өнөөдрийн хэлэлцүүлгээр хүүхдийн эсрэг гэмт хэрэг, ялангуяа бага насны хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэгтэй тэмцэхэдбагш, эцэг эхчүүд,  олон нийтийн идэвх оролцоо, үүрэг хариуцлага, сонор сэрэмжийг нэмэгдүүлэх, төрийн болон ТББ-ууд, иргэд олон нийтийн ажлын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр цаашид юуг анхаарах, хэрхэн ажиллах талаар  хэлэлцэж, саналаа солилцлоо

 

Хүүхэд хамгааллын хууль эрхзүйн орчин хэр бүрдсэн гэж  үзэж байна?

 

Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг баталж хүүхэд хамгааллын тогтолцоотой болсон. Эрхзүйн орчин бүрдсэн. Харин эдгээр хуулийн хэрэгжилтийг хангах ажил сайн байгаа гэж хэлж чадахгүй.

 

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй байгааг тоон мэдээллүүд харуулдаг. Ямар учир шалтгаан байна вэ?

 

ЗГ-аас Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.  Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утасны үйлчилгээ, хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээг үзүүлдэг хамтарсан баг гээд шинэлэг ажлуудыг дурдаж болно л доо.

Төрөөс хүүхдийн хөгжил, хамгааллын талаар хууль, эрхзүйн орчин бүрдүүлэн, тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа  ч хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй байна.

Энэ бол мэдээж салбаруудын болон иргэд эцэцг эх, олон нийт хоорондын уялдаа холбоо, анхаарал хяналт, үүрэг хариуцлага, идэвх оролцоо сул байгаагаас шалтгаалж байна. 

Нөгөө талаар гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх ажлын төсвийг оновчтой зарцуулж байна уу, аль ажил нь үр дүнтэй байна, зорилтот бүлэгтээ хүрч байна уу гэдэг дээр дүгнэлт хийх ёстой.

 

Хүүхэд хамгааллын чиглэлд суулгасан төсөв нь хүрэлцдэг юм бол уу?

 

Энэ онд гэхэд л хүүхэд хамгааллын ажилд  6.4 тэрбум төгрөг  төсвөөр батлагдсан юм билээ. Ганцхан тэрбум төсөвлөсөн байсныг хэлэлцүүлгийн үеэр эмэгтэй гишүүд нэмэх санал шаардлага  гаргаж байж энэ хэмжээнд  хүргэсэн шүү дээ.  

Энд Нийслэлийн  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлд хандаж нэг зүйлийг зориуд хэлье.

“Хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх төсөв байхгүй” гэж нэг албан тушаалтан надад хэлж байсан.  Тэр үед мониторинг хийж үзэхэд хулгайн гэмт хэрэг болон замын ослоос урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлууд их хийгдэж байсан. Хулгайн гэмт хэрэгтэй мэдээж тэмцэх ёстой. Гэхдээ бага насны хүүхэд хүчирхийлэх хэрэг аюултай түвшинд хүрчихээд байна. Энэ чинь Монголын эмгэнэл. С.Амарсайхан дарга үүнийг анхааралдаа аваасай.  Зөвлөлийн байгууллагууд чинь ингэж хэлээд сууж байна шүү.

 

Хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлууд хангалтгүй байна уу?

 

Өнгөрсөн жил 1692 гэмт хэрэгт 1757 хүүхэд өртөж хохирч, гэмт хэргийн улмаас 127 хүүхэд амь насаа алдсан, бэлгийн хүчирхийллийн улмаас 187 хүүхэд хохирсон, үүнээс 12 нь эрэгтэй хүүхэд гэсэн мэдээлэл бий. Тэгвэл энэ жил хүүхэд хохирсон гэмт хэрэг 34 хувиар өссөн байна шүү дээ.  Дээр нь хүүхдийн эндэгдэл гээд нэмбэл нэлээд тоо гарна.  МУ-д 0-14 насны 967896 хүүхэд байдаг. Тэгвэл бид жил бүр хэчнээн хүүхдээ алдаж, хэчнээн хүүхдийг  хохироож байна вэ гэдгийг тооцоод үзээрэй. Тэгэхээр хүүхдийн эсрэг  гэмт хэрэгтэй тэмцэхэд бүхнээс онцгой анхаармаар байна.

Аливаа гэмт хэрэгтэй тэмцэхэд хамгийн чухал ньурьдчилан сэргийлэх ажил. Тэгэхээр ялангуяа урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй ажлуудыг төлөвлөж, гадны сайн туршлагуудыг нэвтрүүлэх хэрэгтэй гэж боддог. Жишээ нь томчуудад зөвлөмж заавар сургалт хийгээд л байдаг. Тэгвэл хүүхдүүдэд, бүр цэцэрлэгийн хүүхдүүдэд хүртэл энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх талаар ойлголт өгч хичээл зааж баймаар байна. 

 

Үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх ёстой ажил юм байна шүү...

 

Тийм, нэгдсэн зохицуулалтаар хийх ёстой байх.  Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн Тэргүүний хувьд У.Хүрэлсүх сайдад бас хандмаар байна.  Бид  хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр  “Хар цагаан жагсаалт” төслийг хэрэгжүүлэхээр хэд хэдэн байгууллагад хандсан ч бүтэмж муутай байна.  Хүүхдийн төлөө сайн үйлс бүтээсэн иргэнийг цагаан жагсаалтаар алдаршуулъя, ийм хэлбэрээр олон нийтийн идэвхийг сайжруулъя. Харин хар жагсаалтад хүүхэд хүчирхийлсэн, хүүхдийн эрхэнд халдсан гэмт хэрэгтнүүдийг бүртгэе, сонор сэрэмжээ нэмэгдүүлье гэж. Гэтэл их сонин. Явсан уулзсан байгууллагууд маань хүчирхийлүүлсэн хүүхдийн эрхийг  ярихаас өмнө  хүчирхийлсэн гэмт хэрэгтний эрхийг яриад байдаг. Үнэхээр бухимдмаар. Хүүхдэд араатнаас долоон дор авирласан гэмт хэрэгтнүүдийг  яагаад хүнгэж харж,  яагаад хүн ёсоор хандах ч  ёстой юм.  Ер нь зөрчлийн хуулиа эргэж харах шаардлагатай юм байна гэж бодсон.

Хүүхдийн хэл цоолчихсон, хүүхэд зодоод гэмтээчихсэн багш нар гэхэд л хэдэн төгрөгөөр торгуулдаг, эсвэл ажлаас халагдаад л өнгөрдөг. Тэд дахиад өөр нэг цэцэрлэгт очоод мөн л хүүхдийн эрхэнд халдаад байж байхыг үгүйсгэхгүй шүү дээ.  Тиймээс үгүй ядаж л сургууль цэцэрлэг, хүүхдийн байгууллагууд боловсон хүчний сонголт хийхдээ хар жагсаалт руу ороод хардаг байвал гэж санаж энэ төслийг боловсруулсан. Ядаж ялын хугацаанд нь тэднийг яагаад зарлаж болохгүй гэж.  Гадныханд бол ийм хар жагсаалт байдаг юм билээ. Тиймээс  бидний саналыг сонсож төслийн ач холбогдолтой танилцаач гэж Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд Ерөнхий сайдад хандаж хэлмээр байна.