Замын-Үүдэд тэг зогсолтыг цуцалж, зарим үйлчилгээг нээлээ
12 сарын 14, 2020

Замын-Үүд сумын засаг дарга Б.Анхбаяр “Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өнөөдөр (2020.12.14) 06.00 цагаас эхлэн тэг зогсолтыг цуцаллаа. Замын-Үүд суманд Covid-19-ийн анхны тохиолдол бүртгэгдэж, арваннэгдүгээр сарын 19-нөөс тэг зогсолт хийсэн. Бид өнгөрсөн хугацаанд сумын 10.245 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч, сумын нийт хүн амын 54 хувийг шинжилгээнд хамрууллаа. Төмөр замын тохиолдлоос өөр сумын иргэдээс халдвар илэрсэнгүй. Тиймээс өнөөдрөөс хэсэгчилсэн байдлаар хорио цээрийн дэглэмийг бууруулж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 12-нд Замын-Үүд суманд эрсдэлийн үнэлгээ хийхэд “Маш өндөр эрсдэлтэй” байсан. Энэ эрсдэл “Өндөр эрсдэлтэй” болж, шатлал буурсан учраас хэсэгчилсэн байдлаар төрийн болон аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээж байна.

Ингэснээр үүрэн телефоны байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, банкны салбар, авто засвар, дугуй засвар, авто сэлбэгийн худалдаа, түлээ нүүрсний цэг, эмнэлэг, эмийн сан зэрэг зургаан төрлийн үйлчилгээг албан ёсоор нээж байна. Маргааш бүх төрлийн хүнсний худалдааг нээх шийдвэр гаргасан. Ингэхдээ бүх ажилчныг PCR шинжилгээнд хамруулна. Нийт 511 төмөр замын ажилчныг тусгаарласан байсан. Үлдсэн ажилчид гэрийн тусгаарлалтад байсан. Одоо төмөр замын ажилчид хэвийн ажиллаж байна. Иргэд амны хаалтаа тогтмол зүүх шаардлагатай. Идэш хоолоо бэлтгэх зорилгоор иргэд 100 км дотроо PCR шинжилгээ өгөөд явж болно” гэв.

Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга Ш.Лхачинжав мэдээлэхдээ “Анх тандалтын зургаан баг ажиллаж байсан бол ХӨСҮТ-өөс баг нэмэгдэж ажиллалаа. Бид нийт 16648 иргэнийг давхардсан тоогоор шинжилгээнд хамруулж, 7190 хүнийг PCR  шинжилгээнд хамруулсан. Сүүлийн өдрүүдэд ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори ажилласнаар шинжилгээний хариу түргэн шуурхай гаргасан. Ойрын хавьтлын 354 хүн, хоёрдогч хавьтлын 1045 хүнээс шинжилгээ авч тусгаарласан. Өнөөдрийн байдлаар арваннэгдүгээр сарын 17-ноос хойш Covid-19-ийн нийт 26 тохиолдол бүртгэгдэж, ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Улаанбаатар болон бусад аймгаас ирсэн 400 гаруй иргэн гэрийн тусгаарлалтад шилжсэн.

Замын-Үүд сум өнөөдрөөс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байна. Замын-Үүд суманд Covid-19 гарсантай холбоотойгоор БНХАУ-ын Эрээн хотын удирдлагаас 20-иод хоногийн өмнө хөдөлгөөний хязгаарлалт тавьсан. Өнөөдөр Эрээн хотод 18 жолооч, Монголын талд 32 жолоочийг 14 хоногоор тусгаарласан. Нийт 50 тээврийн жолоочийг Хятадын талд нэвтрүүлэхээр улсын хил дээр хүргүүлж, ачаа тээврийг тасралтгүй тээвэрлэх ажлыг нэмэгдүүлэх боломж харагдаж байна. Бид өчигдрийн байдлаар 30 тээврийн хэрэгслийг хоёр талаасаа солилцлоо. Жолооч улсын хил давахгүйгээр Хятадын талтай автомашинаа ариутган солилцож, ачаа тээвэрлэлт хийж байна.