Баянзүрхийн хуучин товчоо байсан уулзварын хөдөлгөөний чиглэлийг өнөөдрөөс өөрчилж байна
7 сарын 5, 2021

Баянзүрхийн хуучин товчоо байсан уулзварт өнөөдрөөс эхлэн хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт орж байна. Тодруулбал, хотоос эсвэл уулын замаар Налайх чиглэл рүү явж байгаа тээврийн хэрэгслүүд зөвхөн шинээр баригдсан зорчих хэсгээр явна.

Учир нь дээрх уулзвар нь түр хугацаанд гэрлэн дохионы зохицуулгатай уулзварын зохион байгуулалтаар ашиглагдаж байсан бол үндсэн зураг төслийн дагуу хоёр тусдаа зорчих хэсэг болж байгаа юм.

Ингэснээр тухайн уулзвар дээр огтлолцол байхгүй болж осол зөрчил гарахгүй болох ба гэрлэн дохионы зохицуулга, хүлээлтгүй болсноор хөдөлгөөний эрчим нэмэгдэх юм. Зураг дээр өөрчлөлт орсон гол чиглэлийг улбар шар болон цэнхэр өнгөөр харуулав.