Ж.ЧИНБҮРЭН: Элэгний D вирустэй 150 мянган иргэн эм хэзээ ирэхийг хүлээж байна
10 сарын 12, 2022

  Ойрын өдрүүдэд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэж байгаа билээ. Тэгвэл хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Эрүүл мэндийн салбарын төсөв 2022 оныхоороо орж ирж байгаа. Инфляц, ам.долларын ханшийн өөрчлөлт их байна. Эрүүл мэндийн салбарын бүтээгдэхүүний үнэ 30-60 хувь өссөн. Төсвийг нэмэхгүй бол даатгалын сангаас эмнэлэгүүдэд квот тогтоож байна. Жишээлбэл, сардаа 150 хүнээс илүүг эмчилж болохгүй гээд иргэд үйлчилгээ авахад хүндрэлтэй боллоо. Хөнгөлөлттэй эмийг тусгай зөвшөөрөл өгөхгүйгээр зөв шийдсэн байхад зохион байгуулалтын хувьд маш төвөгтэй болгосон байна. Мөн төсөв дээр амжилттай хэрэгжүүлж байсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хаясан байна. Элэгний D вирустэй 150 мянган иргэд хэзээ эм орж ирэх вэ гэдгийг хүлээгээд сууж байна. Тэр дундаа 40 гаруй мянган иргэний амь нас дээсэн дөрөөн дээр байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой. Эрүүл мэндийн санхүүжилт дээр онцгой анхаарч ажиллаасай гэж хүсье” гэв. Тэрбээр өчигдрийн чуулганаар мөн эрүүл мэндийн салбарын асуудлыг хөндлөө. Ж.Чинбүрэн “Ахмад настнуудад хамгийн их тулгамдаж буй асуудал бол хөнгөлттэй эм. Бид чанартай урт наслах тухай яриад байдаг боловч үнэн хэрэг дээрээ ахмадууд маань хавсарсан, архаг хууч өвчтэй заавал насан туршдаа уудаг эм хэрэглэдэг. Өнөөдөр эмийн үнэ тэнгэрт хадсан. Хөнгөлттэй эмийг төвөггүй болгоно гээд байсан бүр төвөгтэй болгочихсон. Мөнгө төгрөгнөөс гадна зохион байгуулалтын хувьд хүртэл дарамттай болгочихсон. Нэгэнт тогтмол уудаг даралтны эмийг заавал лавлагаа, аймаг төвийн эмнэлэг рүү явуулах ямар шаардлага байна. Тэр сум, өрхийн эмнэлэгийн эмч нар даралт үзэж чадахаа бачихсан юм уу. Адилхан л лицензтэй эмч шүү дээ. Заавал иргэдэд төвөг удаж, 30, 40 хүний дараалалд ганц эм хөнгөлөлттэй бичүүлэх гэж зогсох шаардлагатай юм уу. Нөгөө хөнгөлттэй эм чинь 30/70 гэсэн харьцаатай байсан бол 70/30 гэсэн харьцаатай болсон. Төвөггүй байсан зүйлийг яагаад ингээд төвөгтэй болгоод байгаа юм бэ, Эрүүл мэндийн яам аа” гэв.