Тавдугаар сард буюу өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд дөрвөн ч газарт авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж засварын ажил эхлүүлээд байна.
Нэгдүгээрт, нэгдүгээр хорооллын арын замыг Үйлдвэрчний эвлэлийн гудамжтай буюу “Москва” хорооллын араар холбох замын ажил эхэлжээ. Энэ ажилтай холбоотойгоор ирэх зургаадугаар сарын нэгэн хүртэл хөдөлгөөний хязгаарлалт хийгээд байна. Нэгдүгээр хорооллын арын замын хэсэг газар шороогоор байдаг тул түүнийг асфальт болгон сайжруулж байгаа гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээлсэн юм.
Хоёрдугаарт, "Ургах наран” хорооллоос Хонхор чиглэлийн авто зам дагуу Бумбат, Цэцээ гүний ам руу салдаг уулзварын баруун талын зорчих хэсгийн ус зайлуулах хоолой эвдэрсэн байна. Үүнээс болж авто зам ч эвдрэн аюултай болжээ. Иймээс тавдугаар сарын 5-наас тус хэсгийн замыг түр хугацаанд хааж, засварын ажлыг эхлүүлсэн байна. Ингэхдээ түр зам гаргасан байгаа тул түүнийг сонгон хөдөлгөөнд оролцох боломжтой гэсэн.
Гуравдугаарт, Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд Яармагийн гүүрний хойд уулзвараас Ажилчны гудамж чиглэлийн 250 метр газарт барилга угсралтын ажил хийхтэй холбогдуулан зам хаахаар болжээ. Уг замыг маргааш оройны 22:00 цагаас эхлэн ирэх есдүгээр сарын 3-ныг дуустал хаах шаардлагатай гэнэ. Иймээс тухайн замаар зорчдог жолооч нар өөр зам сонгон хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.
Дөрөвдүгээрт, өнгөрсөн сард Замын цагдаагийн орчимд гүүрэн гарц барих ажил эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Замын цагдаагийн урд уулзвараас “Home Plaza”-гийн хойд уулзвар хүртэлх замыг хаагаад байгаа. Тус газрын авто замын хөдөлгөөнийг зохицуулахын тулд нийт долоон түр зам гаргасан байгаа тул түүгээр зорчих боломжтой аж. Гүүрэн гарц барих ажил 1.6 жилийн хугацаатай үргэлжилнэ. Уг ажлыг зургаан хэсэгт хуваасан бөгөөд эхний хэсэгт төмөр замын 406 дугаар гарам дээгүүр зорчих 470 метр урттай, 16.5 метр өргөнтэй, 4 эгнээ гүүр барих ажлыг эхлүүлсэн юм.
А.ДЭЛГЭР