КУВЕЙТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД БАРААЛХАВ
11 сарын 1, 2018

Ноён Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайриг юун түрүүнд Кувейт улсын Эрхэм дээд Эмир Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабахын халуун дотно мэндчилгээг дамжуулж, Монгол Улсад Элчин суухаар томилогдон ирсэндээ баяртай буйгаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Кувейт улсаас Монгол Улсад сууж байсан өмнөх Элчин сайдтай олон удаа уулзахдаа зарим төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр нааштайгаар ярилцсан талаар хэлж, Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайритай ч гэсэн хоёр улсын улс төр, нийгэм, эдийн засгийг өргөжүүлэхийн тулд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Кувейтийн сангаас олгогддог санхүүгийн дэмжлэгийг илүү хэрэгцээтэй төсөл, хөтөлбөр рүү, зориулалтынх дагуу ашиглах асуудалд анхаарч буйгаа хэлж, ойрын хугацаанд Монгол-Кувейтийн судалгааны төвийн асуудлаар дахин уулзахаар тохиролцов.

Ноён Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайри өөрийн үүргээ ухамсарлаж, хоёр улсын бүхий л түвшний харилцааг өргөжүүлэхийн тулд хичээл зүтгэл гарган ажиллахаа хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ажил, хэрэгч бүхий л саналыг таатай хүлээн авч, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.